У.Хүрэлсүх улс төрд биш урлагт эргэн ирж байгаа гэдэгт итгэх хэрэг үү?
УИХ-ын гишүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх улс төрдөө биш урлагт эргэн ирлээ гэсэн мессеж анхаарал татаж байна. Энэ мессежэнд гэнэн хүмүүс л итгэж байна даа. Харин бусад нь өөрөөр хүлээж авав. Тэр улс төрдөө эргэн ирж байна. У.Хүрэлсүх байна шүү гэж намынхандаа санууллаа.
Улс төрч болгоны эргэн ирэх арга зам өөр л дөө. Ц.Элбэгдорж Харвардыг төгсөж ирээд лекц тавин 21 аймгыг тойрч өөрийгөө тунхагласан. Харин Австралид сурч ирсэн У.Хүрэлсүх "Андууд" хамтлаг байгуулан нийгэмд эргэлзээ тээнгэлзээ төрүүлэн гарч ирлээ. Сурталчилгаа талаасаа илүү өрөвч нинжин зөөлөн нэгний дүрд хувирчээ. Тэрээр эхнэрээ хорт хавдартай болоход эмчлүүлэхийн тулд УИХ-ын гишүүнээсээ татгалзсан. Одоо "Андууд" хамтлаг байгуулсан нь ч найз нөхөдийн хувьд хүн чанарыг эргэн сануулах гэсэн аргачлал юм. Уг нь цагтаа У.Хүрэлсүх шиг дэврүүн, хэгжүүн бас түрэмгий нэгэн байгаагүй. Харин тэр энэ имижээсээ салж, буурь суусан амьдрал үзсэн,зовлон жаргал туулсан төлөв даруу нэгний дүрээр ард түмнийхээ өмнө гарахад бэлэн боллоо.
Энэ намар "Зүүний хүчний холбоо" хэмээх байгууллагаа хуралдуулж Н.Багабандийн, С.Баярын, С.Батболдын, Ө.Энхтүвшингийн багт ажиллаж байсан залуусаар эгнээгээ тэлсэн. Энэ үйл ажиллагааг олон түмэн янз бүрээр тайлбарлаж байсан. Зарим М.Энхболдын эсрэг нэгдэл гэж дүгнэж байсан. Энэ дүгнэлт үнэн эсэхийг ирэх өдөрүүдэд харах үлдсэн. Ямар ч байсан Н.Багабанди, С.Баяр, С.Батболд, Ө.Энхтүвшин гэсэн дөрвөн том блок МАН дотор нэгдэл үүсгэлээ. Угаасаа ч ойрхон явж ирсэн хүмүүс л дээ. Тэднийг улам нягтруулахад М.Энхболдын ганцаараа тоглох гэсэн бодлогогүй шийдвэр гол нөлөөлөл үзүүлсэн байж мэдэх юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол У.Хүрэлсүхийг олон залуус хүрээлэн хэдийд, хэзээ ямар арга хэлбэрээр гарч ирэхээ ярилцах болсон байна. Уг мэдээлэл үнэн бол тэд улс төрийн тайзан дээр гарах бэлтгэлээ базааж эхэлжээ. Бас урлаг, спортынхоноор эгнээ хүрээгээ бэхжүүлэх болсон байна. Гадаадад төгссөн залуус хэн юм бэ? гэдэг байсан У.Хүрэлсүх гадаадад төгссөн залуусыг ч урьж уулзан хүчээ зузаатгах болжээ. Өөрөөр хэлбэл боловсрол, мэдлэг, хэл хичнээн чухал болохыг Австралид өнгөрүүлсэн жилдээ ойлгосон хэрэг байх л даа. Тэр эмнэлэгийн тагтан дээр тамхи татаад эхнэрээ асараад суухдаа олон зүйлийг ойлгосон гэсэн. Тэрнийх нь нэг л болов уу.
Өөр нэгэн сонирхолтой зүйл анхаарал татаж байна. МАН-ын дэргэд НАМЗХ хэмээх залуучуудын байгууллага бий. Уг байгууллага өнөөдөр, маргааш, нөгөөдөр гурван өдөр дараалуулан залуучууддаа лекц уншуулахаар зарлаж эхлэв. Лекц унших эрхэмүүд бол С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх. Энэ гурав залуучуудаа хумьж эхэлсэн хэрэг. МАН-ын дарга М.Энхболд нь алга? Өөрөөр хэлбэл НАМЗХ-ныхон намын даргаасаа түрүүлж С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх гуравыгаа илүүд үзэн урьж байна уу? Эсвэл М.Энхболд нь залуучуудаа үл тоомсорлож байна уу? гэсэн асуулт урган гарч байна. Энэ бүхнээс МАН доторх У.Хүрэлсүх эргэн ирлээ гэдэг шатарын нүүдэл бодогдож байна. Тэр хүмүүсийн андуураад байгаа шиг урлагт биш улс төрдөө ирлээ. Гэхдээ урлаг ойлгодог, өвчөн зовлонг даван туулсан, найз нөхөддөө үнэнч, өрөвч нинжин нэгний дүрээр улс төрийн тайзан дээр гарлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ