Амь насанд халтай жуулчлал

Хүмүүс голдуу амарч, хүч тамираа сэргээх гэж аялалд явдаг. Гэтэл зарим нь ер бусын хурц мэдрэмж амтлахыг зорьдог байна. 1-р бүлгийн аялагчдад таарсан газрын диваажин дэлхий дээр мундахгүй олон. Аз болоход 2-р бүлгийн аялагчид ч гэсэн санаанд нийцсэн “аюултай” газруудыг олж болох нь. Ямар “үхлийг” ойроос харж үзэх хүсэлтэй байна, тааллаараа сонгож бүрэн болдог гэнэ.

Үндэсний Йосемити паркийн "Half Dome"

Half Dome бол Калифорн мужийн Сьерра – Невада ууланд байдаг Америк даяар алдартай мөсөн хөндий юм. Энэ хавьд 60 гаруй хүн амь насаа алджээ. Уулын оргилд гарахын тулд бүтэн өдөр авирч 1500 метрийг туулна. Энэ хооронд та 4000-9800 ккал шатаана. Сүүлчийн 120 метрийг металл тросонд дүүжлэгдэж бараг эгц хөндлөн байдлаар туулна.

Бороотой үед авирч огт болохгүй: нойтон хад, халтирдаг кабель хоёр нийлээд яаж ч магадгүй. Хадны доод талыг “Үхлийн тавцан” гэж нэрлэдэг гэнэ! Энд хаднаас халтирч нисэх, хүрхрээнд унах, усанд унаж живэх аюулаас гадна авирах үед аянганд ниргүүлэх аюул отож байдаг аж.

Алнвик цэцэрлэг

Их Британид байдаг энэ цэцэрлэг уг нь адал явдлын орон байгаагүй юм. Нортумберлендын герцогийн хатан Жейн Перси өв залгамжилж авсан энэ цэцэрлэгээ ер бусын газар болгохоор шийдэж дан хорт ургамал суулгажээ. Ингэснээр энд “Хорт цэцэрлэг” гэж алдаршсан, үхэлд хүргэх ургамлаар дүүрэн хаалттай бүс бий болжээ.

Хүмүүс эндээс зайдуу байхдаа ч цэцэрлэгээс ялгарсан хорт уурын нөлөөгөөр ухаан алдах тохиолдол олон гардаг гэнэ. Энэ цэцэрлэг нь жирийн ботаникийн цэцэрлэгээс танин мэдэхүйн ач холбогдлоороо илүү гэж ахайтан өөрөө үздэг байна.

Гавайн арлуудын галт уулс

Амь үрэгдэгсдийн уртаас урт нэрсийн жагсаалттайгалт уул Гавайд хоёр ч бий. Хүссэн болгон тодорхой мөнгө төлөөд (100 орчим доллар) унадаг дугуйгаар галт уулын оргил хүрч үзчихээд буудаг байсан гэнэ. 10 жилийн дото 40 хүн нас барж, 45 хүн хүнд гэмтэл авсан тул аяллын энэ хэлбэрийг хориглоод байгаа юм байна. 1983 оноос хойш зогсолтгүй оргилж буй Килауэа уул жуулчдыг соронздон татдаг бөгөөд энд аюулт лавын урсгал, түүний агаарт цацагдсан хэсгүүд, хорт хий зэргээс болж хүн амиа алдах, хордох явдал элбэг гардаг.

Гэм зэмгүй цагаан үүл мэт харагдах манан хүртэл давсны хүчил, хүхэрт устөрөгч, нүүрстөрөгчийн давхар ислийн хорт холимог тул маш аюултай. Дээрээс нь хаднаас халтирсан хэнийг боловч хүлээж байдаг далайн мөс шиг хүйтэн ус, хэрэгт дуртай жуулчдын бэлтгэл болгоомжгүй байдлыг нэмбэл Гавайн арлууд нь амь насанд хамгийн халтай газруудын тоонд багтах нь зүй ёсны хэрэг болно.

Их Скеллиг

Энэ хадан цохиот аралд “Оддын дайн” киноны зургийг авсан билээ. Олон зуун жилийн турш энэ газар ер бусын гоо үзэсгэлэнгээрээ алдаршиж, Ирландын соёлын салшгүй хэсэг болж байсан юм. Хүрэхэд нэн бэрх энэ арал дээр винайн ёсыг сахигч лам нар амьдардаг байсан нь учиртай. Энэ арлыг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэн авчээ.

Гэвч энд ирсэн бүхнийг аюулгүйн дүрэм сахихыг анхааруулсан бичлэгээр угтдаг. Цохионы оргилд хүрэхийн тулд ямар ч хамгаалалтгүй, 1000 гаруй жилийн настай, эртний 600 гишгүүрээр өгсөх хэрэгтэй болдог байна.

Энд хоол унд, жуулчны бааз, ариун цэврийн өрөө, хоноглох газар, ер нь юу ч байхгүй. Аралд хүрэхийн тулд задгай далайд завиар цаг орчим сэлж байж очно, гэвч хэт өндөр давалгаа, догширсон уснаас болоод бууж чадалгүй буцах нь элбэг. Дээрээс хад чулуу нурж унах нь бараг байнгын үзэгдэл. Энд аюулгүйн тоноглол тавих нь орчны унаган төрхийг гутаахаас гадна тийм ч найдвартай бус тул жуулчдад аюулгүйн хуурамч сэтгэгдэл төрүүлж, осол аваарийг улам нэмэгдүүлнэ гэж үзсэн учир эндэхийн бүх зүйлийг хэвээр нь үлдээж, зөвхөн анхааруулах хуудас өгч, дээр өгүүлсэн бичлэгийг үзүүлдэг гэнэ.

Boa Viagem наран шарлагын газар

Зөөлөн элс, жаргаж буй нарны толгой эргэм сүр жавхлан, тогтуухан цаг агаар, далайн бүлээн ус гээд л. Жинхэнэ амралт байгаа биз? Хэрэв энэ газарт аварга загаснууд тэгтлээ дурладаггүйсан бол ч...

Бразильд байх энэ үзэсгэлэнт газар 1992 оноос хойш акулын дайралтанд байнга өртөж байгаа аж.

Акулууд 20 жилийн дотор 56 удаа довтолсон байна. Австралиас л цөөхөн байна гэж хэлэх хүн гарч магадгүй. Үнэхээр цөөхөн ч эндэхийг бодвол Австралид акулын шүднээс мултрах боломж нь их гэнэ. Тэнд өртөгсдийн гуравны нэг нь л амиа алддаг ажээ. Харин энд бухан акулын тухай яригдаж байна. Эдгээр аваргууд эрэг хавийн гүехэн усанд дуртай тул энд ирж хүмүүс рүү дайрдаг юм байна. Бас далбаат онгоцны араас дагаж хог хаягдлаар нь хооллодог баран акулууд үүгээр хааяа ирдэг гэнэ. Тэд ч хүний мах амтлахаас буцдаггүй нь мэдээж.

Колорадо голын усан систем

Рафтинг бол гэр бүлээрээ зугаацаж болох сонирхолтой спорт боловч Колорадо гол дээр аялах нь маш аюултай. 2014 онд уулын цас идэвхтэй хайлж эхэлснээс хойш байдал бүр хурцаджээ. Энэ жил 7 сарын дотор 12 хүн нас барж, 176 хүн хүнд гэмтэл авсан нь рекорд гэж хэлж болох тоо юм байна.

Шалтгаан нь жуулчдын туршлага тутмаг, дээрээс нь аюулгүйн тоног төхөөрөмж байхгүй хэт болгоомжгүй аялснаас үүдэлтэй байдаг гэнэ.

Акапулько наран шарлагын газар

Акапулько бол дэлхийн хамгийн тансаг, тав тухтай газруудын нэг. Харамсалтай нь, энэ сайхан газар гэмт хэргийн гаралтаараа дэлхийн дундаж хоттой харьцуулахад 30 дахин их байдаг хотод оршдог юм байна. 2013 оны байдлаар хотын 100 000 хүн тутамд 142 аллага ноогдож байсан гэнэ. Эрх баригчид нь эдгээр аллагыг зөвхөн мансууруулах бодис хэрэглэгчдийн хүрээнд болдог, жуулчидтай огт хамаагүй хэмээн тайлбарладаг.

1,2-р сард л 200 хүн амины хэрэг гарсан байхад эрх баригчид чухам ямар дүүрэгт хамгийн их хэрэг гарч, хаана эргүүл хамгаалалтаа байрлуулахаа ч мэддэггүй байна. 2013 онд амрахаар очсон 6 эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Үүнийг Акапулькогийн Мэр "Энэ бол дэлхийн өнцөг булан бүрд гарч л байдаг хэрэг" гэж тайлбарласан гэнэ. Жуулчдад баазаа орхиж хол явахгүй байх, хоноглох, байрлах газраа маш сайн судлах, төлөвлөх, шаардлагатай үед зугтаж аюулгүй газарт очихын тулд машинаа дүүрэн шатахуунтай байлгах, нар шингэснээс хойш гадагш гарахгүй байх зэрэг зөвлөгөө өгдөг гэнэ.

Мохерийн хадан цохио

Ирландад байх Мохерын цохионоос Атлантын далайн хамгийн үзэсгэлэнт хэсэг харагддаг. Харамсалтай нь энд ирсэн хүнийг алхам тутамд аюул хүлээж байдаг. Цохионы оргилд хүргэх зам маш аюултай гэж хэлэхэд ч багадмаар. Хүчтэй салхи, ширүүн бороо нь гулсамтгай хайрга, халтиргаатай чулуу, огцом эргэлт зэрэгтэй нийлээд жинхэнэ гамшиг болдог.

Хүмүүс анхаарал болгоомжгүйн улмаас нисэж үхэх тохиолдол их гардагтай зэрэгцээд амиа хорлох явдал цөөнгүй удаа гарчээ. Үүнээс болоод аюултай замыг анхааруулсан санамжийн зэрэгцээ амиа хорлох зорилгоор очигсдод туслах мэдээллийг газар сайгүй байрлуулсан байна.

2010 онд эндэхийн хамгийн аюултай хад далайд унаж “амраасан” байна.

Хааны зам

Үүгээр Испанийн хаан XIII Альфонсо нэгэнтээ явж байсан учир ингэж нэрлэх болжээ. Тэр үед энэ зам далан барьж буй ажилчид явдаг туслах зам байсан гэнэ. 1 метрийн өргөнтэй хиймэл зам 100 метрийн өндөрт эгц цавчил хадны хажуугаар өнгөрдөг. Олон нийтэд хаалттай ч, зарим зоригтнууд жил бүр энд ирж онцгой мэдрэмж амтлахыг хүсдэг гэнэ.

Хоёр жилийн дотор 5 хүн амиа алджээ. Зам жилээс жилд улам бүр муудаж зарим газар металл рельс л үлдсэн байна. Зам бүрэн байгаа хэсэгт ч гэсэн ан цав их гарсан тул дотор арзасхиймээр. Албан ёсоор тийшээ нэг ч хүн нэвтрүүлдэггүй, зөрчигсдөд өндөр торгууль оногдуулдаг. Гэсэн хэдий ч энэ бол цөс ихтнүүдийн маш дуртай маршрут гэнэ. Иймээс тэнд засварын ажил хийгдэж байна. Дуусахын цагт арай аюул багатай, маш хүсэмжит газрын нэг болох биз.

Кокодагийн зам

Кокодагийн зам гэдэг нь Шинэ Гвинейн Папуагийн 2 эргийн дунд орших халуун, чийгтэй, хануур хорхойгоор дүүрэн 100 орчим км талбай юм. Энэ халуун орны ой нь ер бусын амьтад, нэвтэршгүй ширэнгэ, уугуул иргэдээр дүүрэн байна. Дэлхийн 2-р дайны үед энд австраличууд, япончууд хоёрын хооронд олон тооны тулаан болж байжээ. Энэ замыг 6 өдрийн турш хаданд авирч, усанд сэлж, явган явж байж туулна. Хэдий маш бэрх, тэгээд аюул ослоор дүүрэн ч жил бүр олон мянган жуулчид наашаа тэмүүлдэг гэнэ.

Замд хэрэглэх бүх зүйлээ өөртөө авч явна. Бүх л замын турш хумхаа өвчин тээгч байж болох шумуул амар заяа үзүүлэхгүй. Бас усгүйдэх, хөлөө гэмтээх зэрэг аюул их гардаг байна. 2013 оны 9-р сард бүлэг жуулчид уугуул иргэд болон оргодол ялтнуудын дайралтад өртсөн байна. 2 хүн цавчуулан нас барж, 7 хүн хүнд шархаджээ. Паспарт болон бусад эд зүйлс нь алдагдсан байна.

Эх сурвалж: viva.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин