Ч.Гансүхийн байцаагчийн эрхийг 5 жилээр хасч, 7 жилийн ял оноов

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцэл, ялтан болон тэдний өмгөөлөгч нарын гомдол, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцлээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүх хэргийг 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ч.Гансүхийг албан тушаалын байдлыг ашиглан, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, бусдаар дамжуулан онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан, хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Д.Энхбатыг хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгөө нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тооцож, 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жил хасаж, 8 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Балжирын Жаргалыг хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, мөрдөн байцаалтад шинжээчийн дүгнэлтийг зориуд худал гаргасан гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тооцож, эдийн засгийн шинжээч хийх эрхийг 5 жил 6 сарын хугацаагаар хасаж, 36 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан П.Галмандах, Н.Рагчаахүү, Б.Өсөхбаяр, Н.Чинбат, Бавуусүрэнгийн Жаргал, О.Бямбасүрэн нарыг төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, тус бүрийг татварын улсын байцаагч хийх эрхийг 3 жилийн хугaцаагаар хасаж, жирийн дэглэмтэй хорих ангид 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан аж. Ч.Даваасүрэнг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, аудитор хийх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийтгэсэн байна. Харин Х.Хандсүрэн, Б.Жаргалсайхан, Б.Буяннэмэх нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм.

Ч.Гансүхээс 2.8 тэрбум, Д.Энхбатаас 592 сая, Балжирын Жаргалаас 86 саятөгрөг тус тус хурааж, иргэний хариуцагч “Кью Жи Экс Монгол” ХХК-иас 13.4 тэрбум, “Пибоди Поло Ресорсез” ХХК-иас 1.2 тэрбум, Д.Энхбатаас 50 сая төгрөг тус тус гаргуулж, Татварын ерөнхий газарт олгохоор болжээ.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх хэргийг 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд Балжирын Жаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Ч.Гансүхийг 2.8 тэрбум төгрөгийн хууль бус орлого олж хөрөнгөжсөн гэснийг 1.5 тэрбум болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах өөрчлөлтийг оруулсан байна. Ч.Гансүх, Д.Энхбат нарт Эрүүгийн хуулийн 2701 дугаар зүйлийн 2701.2-т зааснаар буюу хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн гэж ял шийтгэл оногдуулсан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ч.Гансүхэд оногдуулсан ялыг 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7 жил хорих ял,Д.Энхбатад оногдуулсан ялыг 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жил хасаж, 6 жил хорих ял болгон өөрчиллөө. Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлээс Балжирын Жаргалыг хуурамч шинжээчийн дүгнэлт гаргасан талаарх дүгнэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхээс оногдуулсан 21 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээв. Ингэхдээ Балжирын Жаргалын цагдан хоригдсон хоногийг торгох ялд дүйцүүлэн түүнийг дээрх ялыг эдэлсэнд тооцсон байна.

Мөн Ч.Даваасүрэнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Д.Ундрах

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин