Хятад "туулайнууд"-ын араас

XX зууны эхэн үеийн Хятад ерөнхий агуулгаараа нэгдмэл нэг улс байгаагүй гэдгийг бид түүхээс нь мэднэ.

Ялангуяа Орост большевикууд төрийн эрхийг авсны дараа хятадын улстөр, эдийн засгийн байдал тун хүндэрсэн бөгөөд эдүгээг хүртэл түүний нарийн учрыг Хятадын түүхчид олоогүй байгаа юм. 1894-1895 хооронд болсон Япон-Хятадын дайнд ялагдал хүлээж, улс орны нь дотоодод бослого хөдөлгөөн байнга гарч эхэллээ.

Ингэснээр Хятад үндсэндээ Английн колони болон хувирч, энэ нь ч тэдэнд “нойрноосоо сэрж”, хөгжих боломж олгов. Хэдийгээр 1911 онд эзэн хааныхаа эсрэг босч хувьсгалын гал дэгдээсэн ч тэр нь Хятад орон бүрэн тусгаар улс болох үүд хаалгыг нь нээж өгөөгүй юм.

Яагаад гэхээр Сун Ятсенээр удирдуулсан Гоминданы намд Бээжинг эзэлж, бүх улс орныхоо нутаг дэвсгэрийг чөлөөлөх хүч чадал байсангүй. Тиймээс энэ намынхан Чунчиныг тойрсон нутгийн өмнөд хэсгийн жаахан газар л өөрийн хяналтаа тогтоож байлаа.

1920-оод оны эхэн гэхэд Хятад үндсэндээ хэсэг бусаг вант улсууд маягийн юманд хуваагдсан байв. Тэдгээрийг ихэвчлэн өөрийн гэсэн цэрэг армитай генералууд удирдана. Хэдийгээр тэднийг Гоминданыхан гэж ерөнхийд нь нэрлэдэг байсан ч хэрэг дээрээ хоорондоо тулалдах, Гоминданыхаа удирдлагын эсрэг явах зэрэг нь жирийн үзэгдэл байв. Ямар ч байсан дээд командлалдаа огтхон ч захирагддаггүй байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Орост иргэний дайн дуусч, Алс Дорнод болоод Сибирт Зөвлөлт засаг тогтсоны дараа большевикууд хятад дахь нөхцөл байдал, ялангуяа Манжуурыг ихээхэн сонирхож байлаа. Яагаад гэхээр ийшээ асар олон цагаантнууд дүрвэн гарч, хувьсгалын эсрэг бүлэглэл бий болгон улмаар Япон зэрэг улсын тусламжтайгаар Улаан оросоос түүний дорнод хэсгийг тасалж авах төлөвлөгөө боловсруулж байсан юм.

Атаман Семенов, генерал Савич нарын зөвлөлүүдийн эвлэршгүй дайснууд нь болсон хүмүүс Байгалийн чинад болоод тэр ч бүү хэл Москвагийн коммунистуудын жинхэнэ толгойны өвчин болоод байлаа. Тиймээс 1920-оод онд Харбинд төвлөрсөн цагаантнуудын төлөвлөгөөг мэдэх явдал Зөвлөлтийн тагнуулчдын нэн тэргүүний зорилт болоод байсан юм.

Ингээд 1921 онд Харбин руу тагнуулч Христофор Салнынийг худалдаачны дүрээр илгээж, нөгөөх нь өөрийн уран яриа, мөн Зөвлөлүүдийн тагнуулын байгууллагын өгсөн үлэмж их хөрөнгө мөнгөний хүчинд цагаантнуудын итгэлийг тун удалгүй авсан байна.

Зөвлөлүүдийн засгаас зугтааж яваа гэх домог зохиосон тагнуулч өөрийгөө Христофор Фогель хэмээн танилцуулж, улмаар Зөвлөлт засгийн эсрэг хэн хамгийн хүчтэй хорлон сүйтгэх ажиллагаа явуулж чадах вэ гэсэн өндөр шагналтай уралдаан маягийн юм зохиосноор улаантнуудад ихээхэн аюул учруулж байсан цагаан офицеруудыг өөртөө бүр ч ил үү ихээр татсан байна.

Мөн үлэмж хэмжээний аюул тарих асар олон төсөл орж ирсэн бөгөөд мань тагнуулч түүнийг нь янз бүрийн шаптгаанаар ээлж дараалан биөлэгдэх боломжгүй хэмээн няцааж байлаа. Энэ завсар түүний мэдээгээр большевикууд цагаан офицеруудын хувийн мэдээлэл бүхий карттай болоод авлаа.

Мөн хилийн аль хэсгээр, хэзээ зэвсэгт халдлага гарч болох зэргийг улааныханд шуурхай мэдээлдэг байв. Гэвч ганц тагнуулч бүхнийг мэдэж, Алс Дорнодын тэр их газрын хаагуур нь юу болохыг мэдэх боломж үнэхээр байгаагүй юм.

Тэр үед Манжуур цагаантнуудаар үнэнхүү буцалж байсан тул бусад хүчний байгууллагуудын оролцоотойгоор л Харбин, Хайлаарт төвтэй хорлон сүйтгэх бүлгүүдийн үйл ажиллагааны эсрэг зогсохоос өөр аргагүй байв. Цэргийн тагнуулын ажиллагаанд тодорхой тус дэмжлэгийг Улстөрийн удирдах газрын Гадаад хэлтсийн Засгийн газрын тавьсан үүргийг биелүүлж асан бие төлөөлөгчид, агентууд үзүүлж байлаа.

1922 онд Улаан армийн корпусын командлагч асан, иргэний дайны үед анх удаа бөөнөөр хорих лагерь барих ажлыг санаачилж байсан Анатолий Геккерийг Бээжинд цэргийн атташегаар томилов.

Ингэснээр Зөвлөлийнхөн өөрийн гэсэн тагнах газартай болоод авлаа. Мөн энэ зорилгоор Харбинд Владимир Иштук гэгч томилогдож ирсэн бөгөөд түүний урьд өмнө хийж байсан ажил, ер нь тэрбээр хэн болох тухай мэдээлэл огтхон ч байдаггүй билээ.

Энэ хүмүүс асар их ажил амжуулсан байдаг. Гэвч үр дүн муутай гэж хэлж болно. Яагаад гэхээр Москвагийн удирдлага байн байн солигдож, ерөнхийдөө юу болоод байгаа нь тун бүрхэг байсан тул тагнуулчдын хүч хөдөлмөр ихэвчлэн талаар өнгөрч байв.

Тиймээс Манжуур болоод Монголд байсан бараг бүх тагнуулчдаа Алс Дорнодын V армийн тагнуулын хэлтсийн мэдэлд өгч, ихээхэн хөрөнгө мөнгө зарж байж бий болгосон зарим нэг тагнуулын сүлжээгээ шууд устгасан юм. 1923 оны эхэн гэхэд Харбин, Мүгдэн дэх тагнуулчдын өгч байгаа мэдээлэл тун идэвхгүй шинжтэй болж, ихэвчлэн Хятадын хэвлэлийн мэдээ байх болов.

Чухамхүү энэ үед л Зөвлөлтийн тагнуулын ажиллагаа хамгийн сул байсан хэмээн түүхчид үздэг юм. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдсөн. 1923 оны нэгдүгээр сарын 26-нд Хятадын хувьсгалын удирдагч Сун Ятсен болон Хятадад суугаа Зөвлөлтийн улстөрийн төлөөлөгч Адольф Иоффе нар уулзаж, Зөвлөлт-Хятадын хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа энэ улсад Москвагаас улстөрийн зөвлөхүүд олноороо ирлээ.

Үнэн хэрэгтээ тэдгээрийн ихэнх нь цэргийн тагнуулынхан байв. Нэгэн бүлгийг нэрт командлагч Басилий Блюхер толгойлж байсан бөгөөд энд Христофер Салнынь орсон байв. Түүний гол даалгавар юуны өмнө Хятадын Ардын чөлөөлөх армийн тагнуулын байгууллагыг хөл дээр нь босгож өгөх байв. Мөн Англи, Америк, Франц, Японы тусгай албадын эсрэг хэрхэн ажиллах арга зааврыг өгөх явдал байлаа.

Ажил нь маш амжилттай явж байв. Гурван жилийн дотор тэрбээр Хятадын 16 мужид өөрийн гэсэн тагнуулын албатай болов. Үүний зэрэгцээ Зөвлөлтийн тагнуулчдын оролцоотойгоор Хятадын коммунистуудын нэлээд эртнээс бэлтгэж асан иргэний дайн эхэлж, Бээжинд цэргийн тусгай хэлтэс байгуулагдсан юм.

Түүний үндсэн үүрэг нь Хятад орныг социалист зам мөрөөр замнуулах явдал байсан юм. Зэрэгцээд Бээжинд тагнуулын төв байгуулагдсан бөгөөд түүний ажилтнууд Хятадын хотуудад үймээн самуун дэгдээж, улмаар иргэний дайн эхлүүлэхэд оршиж байлаа.

Ийнхүү оросууд өөрийнхөө аюулгүй байдлыг огтхон ч анхааралгүйгээр тэртээх он жилүүдэд ирээдүйн их өрсөдцөгч Хятадынхаа тагнуулын байгууллагын эх суурийг тавьж өгсөн байдаг. Тэд уг өөрсөддөө тус хүргэх хэмжээний “туулайнууд” бэлтгэж байна гэж бодсон.

Гэвч цаг үе улстөрийн байдал Зөвлөлтөд байн байн өөрчлөгдсөн тул Хятадын зүг тавих анхаарлаа ч сулруулсан байна. Энэ завсар тагнаж турших талаар анх "А” үсэг зааж өгсөн багш нараасаа хятадууд хамаагүй илүү гарчихсан байсан гэдэг билээ.

Бэлтгэсэн хурандаа Д.Баасанжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин