Ад чөтгөр шүглэсэн хонь бүгдийг айлгажээ
Их Британи улсын Уорикшир гүнлэгийн “Hatton Adventure World” амьтны хүрээлэн ад чөтгөр үлдэн хөөх мэргэжилтэнг дууджээ. Бүх юм нэг төлгөөс эхэлжээ. Девлин гэдэг нэртэй энэ төлөгт чөтгөр шүглэсэн гэнэ. Уг нь 4 эвэртэй л болохоос биш харахад хонь шиг л хонь.
Гэтэл энэ хонийг ус ууж байхад услуурт байгаа ус гэнэт бургилж эхэлдэг хэмээн нэгэн ажилтан ярьж байна. Яг буцалж байгаа ус шиг харагдсан аж. Мөн Девлин бусад хонь ямаа шиг дуугардаггүй, харин араатан шиг архирдаг гэнэ.
Амьтны хүрээлэнгийн ажилтан “Девлинийг ирснээс хойш манайд тайлбарлахын аргагүй, хачин юм их гарах болсон. Далдын хүч л түүнд нөлөөлж байгаа. Манай ажилтнууд түүнд тэжээл өгөхөөс ч айдаг. Явсан ч бөөнөөрөө, дор хаяж хоёулаа очиж хоолыг нь өгдөг” хэмээн мэдэгджээ.
Төлөг нэг удаа хулуу тарьсан талбайд галзуу мэт ийш тийш давхин ихэнх ургацыг устгаж хаясан нь байдлыг улам түгшүүртэй болгосон байна. Эвэртээ хулуу зоогоод давхиж буй төлгийг харсан бүхэн айн зугтаасаар. Ингээд л зориуд ад чөтгөрийг хөөдөг мэргэжилтэнг сүмээс урин залсан аж.
Энэ бүхэн соёл иргэншлээрээс гайхуулдаг Европын оронд болж байгаа гээд бод доо.
Эх сурвалж: mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ