МАХН-тай хийсэн гэрээг хэвийн үзэгдэл гэлээ

Сүүлийн үед Ардчилсан нам МАХН хоёр 10 жилийн хамтран ажиллах гэрээг байгуулсан талаар иргэд төдийгүй улстөрчид ч өөрийн байр суурийг илэрхийлээд байгаа. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид АН-МАХН-тай хамтарсан гэрээний талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Тэдгээр иргэдийн хувьд засгийн газрыг унагаахыг эсэргүүцсэн байр суурьтай байгаа бөгөөд энэ гэрээг тийм ч хүндээр хүлээж аваагүй гэсэн юм. Засгийн газар эрх бариад хоёрхон жил болж байна. Богинохон хугацаанд олон дэвшилтэт ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Одоо цаашид ажиллуулж, үр дүнг нь үзэх хэрэгтэй гэсэн саналтайгаар уг хурлыг хийсэн аж. Хийж буй ажлыг бодитоор нь үнэлэх ёстой. Эвслийн засгийн газрыг сонгосон нь буруу байгаагүй хэмээсэн юм. Мөн тэдний хэлж буйгаар “Чингис” “Самурай” бондын мөнгө эх орны эдийн засгийг хөгжүүлсэн, сүүлийн тавин жил байгаагүй их хөрөнгийг эргэлдүүлсэн гэсэн юм. Гэтэл Монгол банкны гаргасан үзүүлэлтээр жил ирэх тусам гадаад валютын нөөц унаж байгаа, одоогоор манай эдийн засаг зогсонги байдалтай байгаа гэнэ.

Гишүүдийн зүгээс хүсэж байгаа зүйл нь нэгдсэн нам нэг байр суурьтай байх хэрэгтэй. Хувь хүмүүсийн үзэл бодлыг намд нялзааж ард түмэнд буруу ойлголт төрүүлж байна. Тиймээс нэгдсэн байр сууринд хүрч байж, хүмүүстээ ажлаа тайлагнах хэрэгтэй гэсэн юм. Өдөр өдрөөр өөр өөр байр суурь илэрхийлээд байгаа нь манай намын бус уг хүмүүсийн хувийн үзэл бодол шүү гэдгийг тэд онцолж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн АН-н гишүүн Ш.Даваажав :

-Хоёр нам гэрээ үзэглэсэн талаар та бүхний бодол?

-Энэ бол хэвийн үзэгдэл. Тийм айхтар хүлээж авахгүй байна. Намууд сонголтоо хийгээд явж байна. Намын дүрэм дээр ҮЗХ-оос гаргасан шийдвэр гаргасан, тэр шийдвэрийг АН-ын дарга гүйцэтгэдэг. Бид өчигдөр Дархан-Уул аймгийн АН-хантай холбогдсон. Өнөөдөр хийх үйл ажиллагааныхаа талаар танилцуулаад хамтарч ажиллах, нам нэгдсэн нэг байр суурьтай байх хэрэгтэй тал дээр санал солилцсон байгаа. Дөрвөн жилийн дараа л үр дүнг нь харах хэрэгтэй, засгийн газрыг тогтвортой ажиллуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Ажил хийж байгаа засгийн газраа тогтвортой ажиллуулмаар байна.

-Энэ гэрээг намын дүрэм зөрчсөн гэж зарим аймгийн намууд үзэж шаардлага хүргүүлсэн. Энэ тал дээр?

-Манай намын дотоод дүрэмд ҮЗХ-ны шийдвэрийг дагах ёстой гэсэн байдаг. Харин ҮЗХ анх засгийн газрыг байгуулагдахад шийдвэрээ гаргасан байсан. Тэр дагуу л явсан. Харин хамтран ажиллах намаар МАХН-ыг л сонгосон. Энэ бол дүрэм зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна.

Тус дүүргийн намынхны зүгээс намынхаа дарга нарт 300 хүний гарын үсэгтэй ил захидлыг МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МУ-ын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-үүл нарт хүргүүлж байгаа гэнэ. Мөн тэдний зүгээс улстөрчдөд хандан нэгнийхээ ажлыг дэмжээд тогтвортой ажиллах боломжоор хангахыг уриалж байгаа аж.

Дашрамд дуулгахад Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргээс сонгогдож байсан юм. Мөн түүний зөвлөх Кёкюшүзан Батбаяр ч мөн урьд нь тус дүүргээс сонгогдож байсан билээ.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин