Музей ломбарддаг нам
МАН засгийн эрх барьж байх үедээ төрийн өмчийг үнэгүйдүүлж зоргоороо аашилж байсны нэг илрэл Лениний музей. Монгол Улсад музейн зориулалтаар баригдсан цорын ганц энэхүү барилга нь өчнөөн жилийн турш улс төрийн хүчний орлого олдог саалийн үнээ байсан нь харамсалтай.
Түүгээр ч үл барам “ломбард”-д тавьж сонгуулийн зардлаа олох хэрэгсэл болсон тухай ч олон нийт мэдэж авсан. Баар цэнгээний газар, хоолны газар, бизнесийн байгууллагад түрээслүүлсэн байр уг нь хэн нэгэнд өмч хувьчлалын ямар нэгэн шийдвэрээр очоогүй байгаа. Тиймээс энэ бол төрийн өмчид байсаар байгаа обьект.
Харин Ардчилсан нам сонгуульд ялснаар уг барилгыг төрийн өмчид авах ажил бүтэн жил гаруй хугацаанд бүх шатны шүүхээр явж төрийн өмч болохыг нэгэнт тогтоож авсан юм. МАН-ынхан төрийн өмчийг өөрийн намыг санхүүжүүлэхэд ашиглаж байсан, энэ саалийн үнээнээсээ салахыг хүсэхгүйгээр барахгүй шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан чөлөөлж Үлэг гүрвэлийн төв музейд хүлээлгэн өгсөн байдаг.
Одоог хүртэл тус барилгад үлдээсэн эд хогшлоо МАН-ынхан хүлээж авч, суллаж өгөөгүй байна. Уг байрыг чөлөөлөхөд 200 ширхэг худалдааны лангуу, павильон хийхээр бэлдсэн байсан нь яваандаа дэлгүүр болж хувирах байсныг батална.
Мөн Лениний музейг төрийн өмчид бүртгэх явцад нэгэн ноцтой баримт ил болсон нь Алтжингийн Г.Алтангаас МАН-ынхан 2012 оны орон нутгийн сонгуулийн өмнө 1 сая ам.доллар зээлж уг барилгыг газрынх нь хамт барьцаалсан явдал.
Эндээс харахад Лениний музейн барилгыг хоёр дахь “Алтжин” болгох гэж байсан юм биш үү гэх хардлага төрж байгаа юм. Г.Алтангаас 1 сая ам.долларыг авсан, өгсөн гэсэн баримт бол одоог болтол олдоогүй байгаа.
Энэ зээлийг авсан нь бодит эсэх нь мөн эргэлзээтэй. Улс төрийн тулхтай хүчин гэдэг Ардын нам сонгуулийн зорилгоор зээл авахдаа улс орны тусгаар тогтнолын үндэс болсон газрыг барьцаанд тавьсан нь гэмт хэргээс ялгаагүй.
Хэрвээ Ардын нам сонгуульд ялсан бол мэдээж хэрэг төрийн мөнгөөр Г.Алтангаас авсан 1 саяын зээлээ төлөх байсан нь ч эндээс тодорхой харагдана.
Энэ асуудлыг шийдэхийн тулд нэгэнт төрийн өмч болох нь тогтоогдсон Лениний музейн барилга болон газрыг МАН, Алтан 2-ын хооронд байгуулсан 1 сая ам.долларын зээлийн барьцаанаас чөлөөлүүлж өөр хөрөнгөө барьцаанд тавихыг МАН-д даалгах тухай нэхэмжлэлийг ТӨХ болон Үлэг гүрвэлийн музей хамтран шүүхэд гаргаад байна.
Маргааш буюу 22-нд манай улсаас хууль бусаар гадагшаа гарсан үлэг гүрвэлийн 22 олдвор АНУ-аас ирэх гэж байна. Энэ олдворуудыг хүлээж авах газар нь Лениний музей. Гэтэл цорын ганц музейн зориулалтын байр нь сонгуульд ялаагүй улстөрийн хүчний зээлийн барьцаанд орж хувь заяа нь хаашаа ч эргэж мэдэхээр байгаа нь харамсалтай.
С.Тэлмэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ