Аутизмтай хүүхдүүдэд зориулан Ардчилсан хүчний холбоо хандив өргөлөө
“Монголын аутизмын холбоо” төрийн бус байгууллагаас санаачлан өнгөрсөн амралтын өдрөөр хандивын арга хэмжээ зохион байгуулсан билээ. Аутизм буюу тархины эмгэгтэй хүүхдүүдийн оношлогоо, эмчилгээнд зориулсан энэхүү үйл ажиллагаанд нийгэм рүүчиглэсэн олон талын үйл ажиллагаа явуулдаг Ардчилсан хүчний холбоо болон бусад төрийн бус байгууллага, хувь хүмүүс, хандивлагчид оролцсон юм.
Өдгөө дэлхий дээраутизм эмгэгтэй 70 сая гаруй хүн байгаа гэх статистик тоо байдаг бол, харин Монголд 02-22 насны 80 гаруй хүн уг өвчний бүртгэлтэй гэх мэдээлэл бий. Аутизм эмгэгт хөвгүүд өртөх магадлал илүү өндөр байдгийг ДЭМБ болон бусад судалгаа баримтаас харж болох бөгөөдэл аюулт өвчнийг аль болох эрт үед нь зөв оношлох шаардлага зайлшгүй тулгараад байгаа ажээ.
Энэ ч утгаараа аутизм эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлох, эмчилгээ сувилгаа хийх болон дээрх өвчтэй хүүхдүүдтэй чухам ямар байдлаар харилцах, тэднийг яаж хөгжүүлэх тал дээр анхаарч уг хандивын арга хэмжээг зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд оролцсонАрдчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал Т.Энхсайхан “Манай холбоо нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ажилладаг.
Тиймээсхандивлагчийн хувиар энэ арга хэмжээнд оролцож байна. Аутизм гэдгийн цаана тодорхой бүлэг хүмүүс байна. Тухайлбал, аутизмтай нэг хүүхдийн цаана гэр бүл, асран хамгаалагчдын асуудал яригдах нь гарцаагүй. Манайд ийм эмгэгтэй хүүхдүүд байгаа, гэхдээ Монгол Улс аутимзтай хүүхдүүдийнхээ тоог албан ёсоор гаргаж чадахгүй байна.
Энэ хүмүүст хандсан халамж, үйлчилгээг төрөөс зайлшгүй явуулах ёстой ч одоогоор бүх ажил төрийн бус байгууллагын түвшинд хийгдэж байна. Ардчилсан хүчний холбооэнэ удаа хандив өргөөд өнгөрөхгүй, цаашид уг асуудлыг төр засгийн бодлогын түвшинд тусгуулахаар ажиллах болно” хэмээн өөрийн сэтгэгдлийг хуваалцсан юм.
Дашрамд дуулгахад, ирэх сард Сингапураас олон улсын зөвлөх багш ирж эцэг, эхчүүдэд гурав хоногийн турш аутизмтай хүүхэдтэй хэрхэн ажиллаж, хөгжүүлэх талаар хичээл заах гэнэ. Мөн ирэх тавдугаар сард Малайзад болох мэргэшил олгох сертфикаттай сургалтад дөрвөн эмчийг хамруулах бөгөөд цаашид тусгай сургуулийн багш, ахуй засалч, хөдөлгөөн засалч, хэл засалч гээд терапистын багш нарт сургалт явуулах гэх мэт олон ажлын санхүүжилтийг уг хандивын арга хэмжээнээс бий болгохоор зорьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ