Нэгэн зэрэг 13 үйлдэл хийдэг хүн
Хэдэн жилийн өмнө би сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн гишүүн, “Хүн, чиний боломж” хэмээх сэтгэл зүйн туршилтын хөтөлбөрийг зохиогч А.В.Игнатенкотой санамсаргүй учралаар танилцсан юм...
Хүн, харуулалгүйгээр түргэн уншсан хоёр гурван оронтой тооноос сайн л бол наймыг тогтоодог байна.
Тэгтэл Игнатенко шууд зуу гаруйг тогтоож, эргүүлээд буцах дарааллаар нь алдаагүй хэлж чаддаг. Тэр тоогоор бөглөсөн 25 нүх бүхий тоог ганц л хараад дараа нь тоонуудыг босоо, хөндлөн бүх эгнээний дэс дараагаар нь нэрлэж чаддаг. Иймэрхүү жишээ цөөнгүй. Математикч Л.Эйлер 100 хүртэлх ямар ч тоог зургаан зэрэгт цээжээр дэвшүүлдэг, академич Иоффе логарифмын таблиц хэзээ ч хэрэглэдэггүй байжээ. Тооцоолох машинтай уралдаж тоо боддог хүмүүс ч бий. Хүмүүсийн ярьдгаар ийм чадварын тал хувь нь “бурхнаас заяагдаж”, үлдсэн хэсэг нь ой ухааныг хөгжүүлэх байнгын дасгал чармайлтаар бий болдог.
А.В.Игнатенко сургуулийн сурагч байхдаа нэрт ховс/гипноз/-чийн тоглолтыг үзээд тийм болохоор шийджээ. Тэр, тохиолдсон тоо, үг, гудамжны нэр, байшингийн дугаар болгоныг цээжилж эхлэв. Орой унтахаар хэвтэнгүүт тэр болгоноо сэтгэлдээ давтдаг байсан гэнэ. Хэдэн жилийн турш ингэж хичээллэсний эцэст хүссэн болгоноо тогтоож чаддаг болжээ. Эрдэмтдийн нотолж байгаагаар хүний уураг тархи арвын хорин зэрэгт нэгж мэдээллийг агуулж байх чадвартай. Өөрөөр хэлбэл, Лениний номын сангийн 300 гаруй км урт дан ганц номын тавиурууд дээрх олон сая боть номонд буй бүх мэдээллийг тогтоох чадвартай ажээ.
Гэтэл хүн энэ боломжоо маш доогуур, ердөө л 3-4 хувийн ашигт үйлийн коэффициенттэй ашигладаг байна. Альберт Игнатенко жишээ нь, баруун хөлийнхөө хуруунд харандаа хавчуулан зураг зурж, зүүн хөлийнхөө хуруугаар хөгжим дарж, гараараа луужингийн зүү хөдөлгөж, нөгөөгөөр нь цээж бичиг бичиж, аман хуур тоглоно. Бас зүрхний цохилтоо удаашруулж, биеийн халуун, цусны даралтаа нэмж чадна...
Энэ мэтээр 13 үйлдэл нэгэн зэрэг хийж чаддаг. Түүний энэ чадварт нэг зэрэг уншиж, сонсож ярьдаг байсан Юлий Цезарь ч атаархах байсан биз ээ. Игнатенко энэ бүхнийг хийхдээ төдийлөн их хүч гаргадаггүй бөгөөд өөрийнх нь хэлснээр зөвхөн тархиныхаа хоёр талыг л зэрэг ажиллуулдаг гэнэ.
Тайзан дээр ямар нэг ер бусын асуулт хүлээн зогссон залуусаас Альберт Игнатенко,
- Таны нэр хэн бэ? гэсэн хамгийн энгийн, ердийн зүйл асуув. Тэгтэл нэлээд буурьтай байрын залуу,
- Людмила Зыкина! гэж чанга хэлснээ цочин, инээлдэж буй үзэгчид рүү харав. Хажууд нь зогсож байсан сахалтай, 30 эргэм насны эр инээж байснаа микрофонд ойртон,
- Гена матар! гэв. Яагаад ингэж хэлчихсэнээ ойлгож ядлаа. Дахиад л,
- За, таныг хэн гэдэг вэ? гэхэд,
- Феня эмгэн...гэж хариулав. Туршлагад оролцогчид инээлдсэнгүй, харин ч эргэлзсэн байртай бие биенээ харцгаав. Альберт Венедиктович тэдний тавыг тайзны дагуу тавьсан сандлууд дээр суухыг урив.
- Анхаар! Та бүгд сансрын хөлгөөр одоо харь гарагын зүг нисэх болно. За, тав... дөрөв... гурав... хоёр... нэг. Гараанд! гэхэд нь залуус суудалдаа шигдэн мэдэгдэхүйц ачааллаас болж нүүр нь улайж эхлэв.
- Хөлөг тойрог замд орлоо! гэж хэлэнгүүт бүгд жингүйдэж байгаа мэт хөл гараа хөдөлгөв.
- Зогс! Нислэг дууслаа! гээд юу харцгаасныг нь асуухад хүн бүр сансрын хөлөг жолоодсоноо нотолж, үл мэдэгдэх гараг харснаа ярив. Энэхүү үггүйгээр үнэмшүүлэх аргыг суггестология гэж нэрлэдэг.
Мэдээлэл бодлоор дамжиж болох нь хүлээн зөвшөөрөгдсөн ч энэ үзэгдлийн учир бүрэн тайлбарлагдаагүй байна. Хүний амьдралынхаа туршид үзсэн, дуулсан бүхэн тархинд нь хадгалагдаж үлддэг бөгөөд Игнатенко хүний ухамсар зөн билэг хоёрын хоорондын хаалтыг нээж тэр хадгалагдаж байсан мэдээллүүдийг сэргээж өгдөг байна. Жишээлбэл, ямар ч авьяастай сурагч багшийн ярьсан бүгдийг яг тогтоодоггүй байна.
Гэтэл Игнатенкогийн тусламжтайгаар нэг сурагч хичээл дээр сонссоноо үг үсэггүй давтан ярьсан байна.
1986 онд Кременц хотод Альберт Игнатенко бас нэг туршилт хийжээ. Есдүгээр ангийн нэг сурагчид гадаад хэлний шалгалт дээр наймдугаар билет сугална гэж үнэмшүүлжээ. Тэр сурагч билет өрсөн ширээнд ойртож очоод гараа шууд хүрсэн билетийг автал үнэхээр наймдугаар билет байсан байна. Гэхдээ хүн бүрийн “үнэмших” чадвар өөр өөр бөгөөд Игнатенко үзэгчдээс өөрөө сонгож авдаг байна. Гэхдээ бусдад мэдэгддэггүй бөгөөд тухайн хүнд хүрэлгүйгээр суудлаас нь босгочихдог ажээ.
Игнатенко бас хэдэн алхмын зайнаас “карате цохилт” хийж чаддаг аж.
А.В.Игнатенко олон шавьтай бөгөөд тэд эмч, физикч, сэтгэл зүйч зэрэг янз бүрийн мэргэжилтэй хүмүүс. Суггестологийг анагаах ухаанд хэрэглэх явдал хамгийн их анхаарвал зохих асуудал гэж тэр үзэж байна. Сэтгэл зүйн их ачаалал шаарддаг салбарт мэргэжилтэн бэлтгэх ажлыг суггестологи зүй үндсээр нь өөрчилж чадна гэдэгт Альберт Игнатенко итгэлтэй байна. Гэхдээ био эрчим хүчийг хүн болгон удирдаж чадахгүй. Хүн бүхний био эрчим “Амьд бие махбодод эд эрчим хүч хоёроос гадна амьдралын үйл явцтай холбоотой ямар нэгэн материаллаг зүйл буюу сансрын оюун ухаан гэгч байдаг бөгөөд үүнийг шим ба сав ертөнцийн тухай мэдлэгийн цогцыг бүрдүүлдэг дэлхийн эрчим хүч мэдээллийн талбай” гэж зарим эрдэмтэн ойлгож байна.
Альберт Венедиктович үүнд ямар ч “зөгнөлт зүйл байхгүй” гэж ярьдаг. Миний очсон Николаев хотод гурав дахь хоногоос бороо орж, сэтгэл тавгүй байлаа. Товлосон өдрөөсөө наана Альберт Венедиктовичтой уулзвал тэр намайг анхааралтай ажиглаад,
- Сэтгэл чинь тавгүйтээ юу? Москвад танай гэр оронд юу болж байгааг хармаар байна уу? гээд сандал дээр суулгав. Дараа нь ярьж болохооргүй зүйл болж билээ.
Нүдний минь өмнө гэр орныхон маань тодорч, маргалдаж байгаа нь үзэгдлээ. Сэтгэл зүгээр ч биш тавгүйтжээ. Ийм байдалд хэр удсанаа мэдсэнгүй. Сэргэмэгцээ утас шүүрч аваад гэрийнхэндээ бүгдийг илтгэж, тэдний сэтгэлийн цочролыг Альберт Венедиктович алсаас тайвшруулж билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ