ОБЕГ-аас мэдээлж байна
Сүүлийн хоёр жилд онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийн 11,6 хувийг, барилга байгууламжийн 14 хувийг шинэчилж, нийт албан хаагчдын 91 хувийг зориулалтын хувцас хэрэглэлээр хангалаа. Аврах гал унтраах 8 ангийн барилга болон улсын нөөцийн механикжсан агуулахын барилга баригдаж байна. Болзошгүй гамшгийн аюулыг олон нийтэд зарлан мэдээлэх орчин үеийн систем нэвтрүүлж, аврах ажиллагааны техник хэрэгсэлдээ парк шинэчлэл хийсэн нь манай салбарт томоохон дэвшил авчирлаа гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж хэллээ.
Газар хөдлөлт, байгалийн гамшиг зэрэг болзошгүй аюулын үеийн зарлан мэдээллийг өмнө нь утсан холбоогоор дамжуулдаг байсан бол ОБЕГ-ын дэргэд “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв” байгуулснаар дуут дохиолол, телевиз, радиогоор ард иргэдэд богино хугацаанд анхааруулга хүргэх нөхцөл бүрджээ. Онцгой байдлын албаны хэмжээнд 530-аад техник хэрэгсэл ашиглаж байгаагийн дийлэнх нь 40-45 жил ашиглагдсан, элэгдэж хоцрогдсон байна. Тэгвэл одоо гал сөнөөгч, аврагчид бүрэн тоноглолтой автомашин, квош, аль ч улиралд, байгаль цаг агаарын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завь зэргийг ашиглаж эхэлжээ. Эхний ээлжинд хамгийн эрсдэлтэй ажил гүйцэтгэдэг алба хаагчдынхаа ажиллах нөхцөлийг ийнхүү сайжруулсан, энэ шинэчлэлийг цаашид үе шаттай үргэлжлүүлнэ гэж ОБЕГ-ын удирдлагууд хэллээ.
Онцгой байдлын албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирснаар сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан 7558 удаагийн аюулт үзэгдэл, ослоос 2791 хүний амь нас, 38 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Онцгой байдлын албаны албан хаагчид дэлхийн халуун цэг Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцохдоо үүргээ нэр төртэй биелүүлэн мэргэжлийн ур чадвараа олон улсад таниулсаар байна. Удахгүй Монгол Улс олон улсад эрэн хайх, аврах багтай болно. НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үнэлгээний баг манай улсад ажиллаж, зөвлөмж өгсөн. Энэ зөвлөмжийн дагуу олон улсын түвшинд эрэн хайх, аврах үйл ажиллагаа явуулах чадвартай аврагчдыг бэлтгэнэ ОБЕГ-ын удирдлагууд онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ