Н.Алтанхуягийг намаас хөөх үү

Үүл айхавтар уурлажээ. Ардчилсан намаас Алтанхуяг хөөгдөх үү, Үүл хөөгдөх үү гэдгийг тэр харуулна.

Ардчиллын эцэг болсон Санжаасүрэнгийн Зориг агсан амьд сэрүүн байсан бол хэлэх байсан үгийг Э.Бат-Үүл хэлж чадав. Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн эсрэг зогсохоор барахгүй, түүнийг намаас хөөж огцруулах нь манай намын гишүүдийн нэр хүндийн асуудал боллоо гэж хэлж чадах хүн Э.Бат-Үүлээс өөр хэнсэн билээ. Ц.Элбэгдоржийн хэлж амжаагүй үгийг тэрээр хэллээ.

Ардчилсан намыг сонгосон, дэмжсэн, талархсан, гишүүнчлэгдсэн олон түмний загатнасан газар маажсан мэт үгийг тэрээр хэлснээр ёстой л Баатар гэдгээ харуулах шиг.

Өчигдөр "Хоёрдугаар суваг" телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлгээр орохдоо түүний хэлсэн үгийг цухас сийрүүлье.

"Н.Алтанхуягийг огцруулах нь манай намын гишүүдийн нэр төрийн ажил болж хувирлаа. Өөрийгөө хүн л гэж хүндэлж байвал, Тунгалаг Тамирын үгээр бол 90-ээд оноос хойш Туулын мөсийг долоох шахан бий болгосон бүхнээ алдахгүй л гэж бодож байвал үүнийг хийхээс өөр аргагүй.

Алтан гадас ямар их гай болж байна вэ? Н.Алтанхуяг Ардчилсан намыг юу гэж ойлгоод байгаа юм бэ? Өөрийнхөө өмч гэж ойлгоод байгаа юмуу? Өөрийнхөө хувийн байгууллага гэж ойлгоод байгаа юм уу? МАХН бол Н.Энхбаярынх, тэр бол хувийн байгууллага.

Н.Энхбаяр бол тэнд зүгээр л дарангуйллаа тогтоочихсон. Ямар сайндаа Ч.Улаан хэлж байгаа биз дээ. Намайг сөрөг хүчин огцруулаагүй ээ, намайг Ардчилсан нам огцруулаагүй, намайг манай нам огцруулсаан гэж. Ч.Улаан хэрийн юм хэлдэг хүн биш шүү дээ. Н.Энхбаяр зүгээр л ирээд л чи яв, чи яв.

Тэр бол зүгээр л Энхбаярын хувийн нам, Энхбаярын хувийн өмч. Энхбаяр энэ намын нэрээр өөрөө өөрийгөө торгоож байгаа, одоо юу гэдэг юм хуяг дуулга нь л байхгүй юу. Ардчилсан нам бол тийм биш ээ, Н.Алтанхуягийн хувийн өмч биш".

Хотын мэр намынхаа ирээдүйд гэхээс илүүтэй өөрийн гар биеэр авчралцсан Ардчилалд санаа зовж яваа нь ийнхүү ил боллоо. Тэр Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын гишүүн биш хэдий ч Ардчилсан намын төдийгүй ардчиллын туг нь юм. Үүнийгээ ч өөрөө ухамсарлаж, хэцүү ч гэсэн хийхээс, тэмцэхээс өөр аргагүйд хүрсэн бололтой.

Ийнхүү Э.Бат-Үүлийн хувьд хоёр дахь тэмцэл нь эхэллээ. Тэр насаараа коммунистуудын эсрэг тэмцэх бололтой. Харин энэ удаа тэр өөрийнх нь хэлснээр ардчиллын нэр барьсан коммунистуудын эсрэг тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. Ер нь Ардчиллын партизануудын гомдол хэнд ирэх вэ дээ, түүнд л ирнэ. Гомдсон партизанууд Н.Алтанхуягт хандахгүй нь мэдээж.

Ямартай ч Үүл баатар намаа авахаар шийдлээ. Намаа авчихвал түүний тэмцлийн цаашдын алхам юу байх вэ, засаг уу эсхүл хэмээх олон асуулт араасаа дагууллаа.

Харин мань Н.Алтанхуяг явж явж сайд ч үгүй, нам ч үгүй хоцорч мэдэх нь. Яваандаа тэр Н.Энхбаярын замаар нам байгуулдаггүй л юм бол...

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин