Т.Санчир: Гадны багаас санал ирвэл багийнхнаасаа асууна
Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй тамирчид энэ удаагийн Инчеоны наадамд амжилттай оролцож, шөвгийн наймд шалгарсан.
Энэ удаагийн Азийн наадамд эмэгтэй баг тамирчид анх удаа оролцсон бөгөөд тэдний хувьд томоохон амжилт гаргалаа.
Харин эрэгтэй баг тамирчдын хувьд өмнө оролцож байсан Гуанжугийн наадамд гаргасан амжилтаа ахиулах, сайн тоглолт гаргах зорилготой явсан, тэр амжилтаа ч биелүүлээд ирсэн.
Энэ удаагийн тэмцээнд оролцоход тамирчдын санхүүгийн хувьд эрэгтэй тамирчдын зардлыг Монгол сагсан бөмбөгийн холбооноос гаргасан бол эмэгтэй тамирчдын хувьд зээл авч зардлын асуудлаа шийдсэн байна.
Дасгалжуулагч О.Баярцогт: 2015 онд Тайландад болох Зүүн Азийн наадамд оролцоно
- Багийн тамирчид олон хоногийн турш дарааллаж тоглоход ядрах, сульдах асуудлууд гарсан уу? Бэлтгэл хэр байсан бэ?
- Медалийн төлөөх тоглолт хүртэл өдөр бүр тоглох шаардлага зайлшгүй байдаг. Манай тамирчдын хувьд 10 хоногийн турш дараалан тоглолт хийсэн ч манай тамирчид бэлтгэл сайтай, сэтгэл санааны бэлтгэлтэй байсан учраас амжилт гаргасан.
Азийн наадамд оролцсон эрэгтэй тамирчдын хувьд Кувейтын багийг хожих бүрэн боломжтой байсан ч харамсалтайгаар нэг онооны зөрүүгээр хожигдсон. Энэ үед тамирчдын сэтгэл санааны байдал бага зэрэг унасан. Гэхдээ дараагийн тоглолтуудад амжилт гаргахын тулд багаараа бэлтгэл сургуулилт, сэтгэл санаагаа бэлдэж эхэлсэн. Бид долоо хоногт гурван удаа заалны бэлтгэл, гурван удаа хүчний бэлтгэл хийдэг байсан.
-Манай тамирчдыг цаашид ямар ямар тоглолтууд хүлээж байна вэ?
-Үндэсний лигийн тэмцээн ирэх арваннэгдүгээр сард болно. Мөн 2015 онд Тайландад болох Зүүн Азийн наадамд орно. Хэрэв энэ тэмцээнд амжилттай оролцвол Азийн наадамд оролцох эрхээ авдаг. Тэндээс шалгарч чадвал дэлхийн аварга болон олимпийн наадамд оролцох эрхтэй болдог.
Шигшээ багийн тамирчин Т. Санчир: Гадны багаас санал ирвэл багийнхантайгаа ярилцаж байж шийднэ
- Таны хувьд Азийн наадмын шилдэг тамирчдын гуравт жагссан. Энэ амжилтаас шалтгаалж гадны багуудаас санал ирсэн гэсэн үнэн үү?
- Тухайн наадмын зохион байгуулагчдын статистик мэдээгээр үзүүлэлтээрээ Азид гуравт жагссан байсан. Одоогоор надад албан ёсны санал ирээгүй байгаа. Би өөрөө Монголынхоо нэрийн өмнөөс тоглодог, үндэсний лигийн тамирчин учраас хэрвээ гадны багаас санал ирвэл багийнхантайгаа ярилцаж байж шийдэх асуудал.
Шөвгийн наймд шалгарна гэсэн төсөөлөл тоглолтын өмнө байсан уу? Хэрхэн төсөөлөлтэйгээр тус наадмыг зорив?
-Миний хувьд амжилт гаргана гэсэн итгэлтэй байсан. Шөвгийн найм, түүнээс ч илүү тавдугаар байранд шалгарна гэсэн бодол төсөөлөлтэйгээр явсан.
-Азийн наадам асуудал их дагуулсан. Боксын тамирчдын хувьд шүүлт буруу хийсэн, жудочдын хоолонд бохир зүйл хийсэн гэх мэт асуудлууд ар араасаа гарсан. Харин сагсан бөмбөгийн тэмцээний хувьд иймэрхүү асуудлууд гарав уу?
-Шүүгчид Кувейтийн багтай тоглох үед ганц нэг буруу шүүлт хийсэн. Энэ бол шүүгчийн хувийн үзэмжийн асуудал байсан гэж үзэж байна. Солонгос улсад болсны хувьд бидний хөгжөөн дэмжигчид их байсан. Энэ нэг талаараа биднийг сэтгэл зүйн хувьд маш их дэмжиж өгсөн. Эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан. Мөн үүнээс гадна цахим ертөнцөөр биднийг маш их дэмжиж байсан хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Өрсөлдөгч багуудын хувьд? Энэ удаагийн наадмаас цаашид юуг анхаарах хэрэгтэй байсан бэ?
-Хятад, Японы багууд хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсан. Мөн манай тамирчдын хувьд нурууны намхан байдал нөлөөлж байсан. Гэхдээ энэ сул талаа хамгаалалт, хурдтай довтолгоонуудаар нөхөхийг хичээсэн. Энэ удаагийн наадмын хувьд бидний хувьд маш том судалгаа болж өгсөн.
Азийн наадамд амжилттай оролцоод ирсэн манай тамирчдын хувьд бэлтгэл хийх заалны асуудал нэн түрүүнд тулгамддаг гэдгийг мөн тэд дурдлаа. Цаашдаа амжилтаа ахиулж, шинэ шинэ чадварлаг тамирчдыг гаргахын тулд клубуудын үйл ажиллагааг дэмжиж, клубууд зорилго чиглэлээ зөв тодорхойлж ажиллуулах хэрэгтэй гэж байсан юм.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ