Хакухо дээд амжилтыг эвдэхэд 2 түрүү үлдлээ
Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээнд 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал 13 даваа 2 унаатайгаар түрүүллээ.
Тэрээр Нагоя башёгийн сүүлийн өдрийн барилдаанд мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадоржтой барилдаж давснаар ийнхүү 30 дахь удаагийнхаа түрүүг хүртээд байна.
Харумафүжи Д.Бямбадорж энэ башёг 10 даваа 5 унаатай өндөрлүүлж байгаа бол Какүрюү М.Ананд 11 даваа 4 унаа бүхий амжилттайгаар дараагийн башёг хүлээх боллоо. Тэргүүлэгчийн эгнээнд бичигдэж байсан озэки Котошигикү өнөөдөр секивакэ Гойдотой барилдаж ёрокири мэхээр унаснаар 12 даваа 3 унаатай болсон ба 14 башё дараалж секивакэ цолтой барилдсан Гойдо энэ башёг ийнхүү 12 даваа 3 унаа бүхий өндөр амжилттайгаар өндөрлүүлснээр озэки цолонд ч хүрч магадгүй боллоо.
Нагоя башёгийн ялагч Хакухогийн хувьд энэ оны гурав дахь түрүү нь бөгөөд нийт карьерынхаа 30 дахь түрүүг авснаар Японы мэргэжлийн сүмогийн бүх цаг үеийн түүхнээ хамгийн олон түрүүлсэн хэмээх гайхамшигт амжилтыг эвдэхэд ойрхон боллоо. Түүний өмнө 1961-1971 оны хооронд 32 түрүүлсэн Тайхо их аварга, 1981-1991 оны хооронд 31 түрүүлсэн Чиёонофүжи их аварга нар бичигдэж байгаа.
Магадгүй Хакухогийн хувьд үлдсэн 9, 11 сарын барилдаанд түрүүлснээр 32 түрүүг хамгийн хурдан авах боломжтой. Үүний төлөө ч их аварга маань давшиж барилдах нь тодорхой. Дашрамд сонирхуулахад Хакухо их аваргын ард түрүүлсэн амжилтаараа 25 түрүүлсэн Асашёорюү Д.Дагвадорж болон 24 түрүүлсэн Китаноуми их аваргууд бичигддэг юм.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ