Ашигт малтмалын экспортын үнийг ОУ-ынхаас доогуур тогтоолоо

Уул уурхайн яамнаас энэ сард баримтлах экспортын бүтээгдэхүүний жишиг үнийг зарлалаа. Энэ сард манай улс тонн зэсээ 7202 ам.доллараар экспортлохоор болов. Өнгөрсөн сарынхаас 400 гаруй ам.доллараар буурсан ханш. Гэхдээ үүнийг холбогдох албаныхан олон улсын ханштай уялдуулан тайлбарлаж байна. Харин өчигдрийн байдлаар Лондоны металлын биржид тонн зэс 7325, Нью-Йоркт 7327, Хонгконгт 7331 ам.долларын ханштай байлаа.

Дэлхийн хамгийн том худалдан авагч Хятадын зах зээлийн ерөнхий хандлага түүхий эдийн экспортын ханшид шууд нөлөөтэй. Тэр утгаараа олон улсын ханш хятадуудын оролцоотой тогтдог. Манайх ч ялгаагүй одоогоор уул уурхайн бүтээгдэхүүний 90 гаруй хувийг зөвхөн урд хөршид нийлүүлж байгаа. Гэтэл Монгол Улс олон улсын биржийн ханшаар баялгаа үнэлэх боломжтой болох цаг ирээгүй бололтой.

Шинжээчид дэлхийн зах зээл дэх зэсийн ханш энэ сард 8000 ам.долларын босго хол давна гэж үзсээр байтал манайх 7202 ам.доллараар нийлүүлэх юм байна. Бусад металлын жишиг ханшийг харъя.

Цайр 1852.6 ам.доллар /тн/

Хар тугалга 2029 ам.доллар /тн/

Цагаан тугалга 21685 ам.доллар /тн/

Хөнгөн цагаан 1856.2 ам.доллар /тн/

Молибдени 24023 ам.доллар /тн/

Тэгвэл эдгээрийг хэрэглэгчид бусад нийлүүлэгчдээс ямар ханшаар авч байгаа бол. Лондон болон Нью-Йоркийн биржийн ханшаас харвал, өнөөдрийн байдлаар тонн цайр 1870-1883, хар тугалга 2048-2065, цагаан тугалга 20380-20417, хөнгөн цагаан 1886-1904, 25017-25084 ам.доллараар үнэлэгджээ. Бас л доогуур үнэлгээ.

Үүнээс гадна Уул уурхайн яам, Сангийн яам, Монголбанкны үнэт металлын үнэлгээнээс үзвэл, грамм алт 67 мянга 973 төгрөгөөр экспортод гарах юм байна. Эдгээр металлын нийлүүлэлтийн ханш өнгөрсөн сард 3-7 мянган төгрөгөөр илүү байжээ. Харин олон улсад өнөөдрийн байдлаар алт унци /28.3 грамм/ нь 1477 ам.доллар /2.1 сая төгрөг/, мөнгө унци нь 24.1 ам.доллар /34 мянган төгрөг/-аар үнэлэгджээ.

Харин нүүрсний үнийн эх сурвалжийг өөрчлөх тухай сүүлийн үед ярих болсон. Гэхдээ энэ сард багтаад өөрчилнө гэсэн нь үгүй бололтой. Өнөөдрийн байдлаар манайх мөн л Хятадын эх сурвалжаар ханшаа тогтоожээ. Тавдугаар сард түүхий нүүрсийг чанараас нь шалтгаалж тонныг нь 30.7-73.5 ам.доллараар үнэлсэн байна. Баяжуулсан коксжих нүүрс 105.9, эрчим хүчний нүүрс нь 44.2 ам.доллараар экспортод гарахаар болов.

Эндээс харахад жишиг үнэ тогтоох журам батлагдсанаас хойш буюу 2007 оноос хойш манай улс баялгаа олон улсынхаас ямагт доогуур тогтоодог байсан. Харин одооноос зарим эх сурвалжийг өөрчлөхөөр ярьж эхэлсэн ч энэ тухай сураг мөд сонсогдохгүй бололтой. Ямар ч байсан манайх нүүрсээ Хятадын “www.sxcoal.com” сайтын эх сурвалжаар үнэлдэг болсноос хойш өнөөдрийн байдлаар 100 гаруй сая ам.долларын алдагдал хүлээжээ.

Тиймээс салбарын мэргэжилтнүүд Хятадын аль нэг төрийн бус байгууллагын мэдээллийн сайт дээр тавигдсан үнийг үндэслэн Монгол Улс экспортын нүүрсэндээ татвар ногдуулж байгаа нь яав ч буруу гэх саналаа УУЯ, Сангийн яам, Ашигт малтмалын газарт хүргүүлсэн. Хамгийн гол нь жишиг үнэ тогтоогчид сайт дээрх ханшийг жишихгүйгээр шууд хуулж тавьдаг. Гэтэл энэ ханшид импортын төлбөр хураамж, 17 хувийн НӨАТ, Хятад доторх тээврийн болон боловсруулалтын гээд бүхий л зардал багтсан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, Хятад улсын нутаг дэвсгэрт гарсан татвар, хураамж, зардал шингэсэн үнээс тооцож Монгол Улс нүүрс экспортлогчдоосоо татвар авч байна гэсэн үг юм. Тиймээс жишиг үнийн эх сурвалжийг өөрчилж, алдагдлаа нөхөж, мөн экспортлогчдоо дэмжих асуудлыг түргэн шийдэх шаардлагатай байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ