Төсвийн алдагдал ДНБ-ий зургаан хувиас давав

Дэлхийн банкны эдийн засагчид Монгол Улсын санхүүгийн ерөнхий хандлагыг тодорхойлжээ. Өнгөрсөн онд улсын эдийн засаг бага зэрэг саарсан ч, хоёр оронтой тоонд багтсаар байгаа нь сайн үзүүлэлт болов. Гэвч 2011 онд 17.5 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2012 онд 12.3 хувь болж буурчээ.

Эдийн засагчипд Монгол Улсын эдийн засгийг 2013 онд 13 хувиар өснө гэж тооцоолсон. Үүнийг өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад тааруу ч, дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлтийн нэг хэвээр байна. Гэхдээ өсөлтийн гол хүчин зүйлүүдийн хувьд тодорхойгүй байдал давамгайлж байгаагаас эдийн засгийн төлөв тогтворгүй байна гэжээ. Гэхдээ энэ онд нэг таатай мэдээ гарсан нь инфляци нэг оронтой тоонд шилжиж, 9.8 хувь болж саарав.

Дэлхийн банкнаас Монголын Засгийн газарт нэгэн зүйлийг онцгойлон анхааруулжээ. Учир нь, нэгдсэн төсвийн алдагдал 2012 онд ДНБ-ий 8.4 хувь болсон. Энэ нь сүүлийн 13 жилд байгаагүй өндөр үзүүлэлт бөгөөд үүнээс болж төсвийн тэнцэл доройтжээ. Хамгийн гол нь энэ жил нэгдсэн төсвийн төлөв өмнөх оныхтой төстэй байх шинжтэй гэх. Уг нь алдагдал “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн дагуу ДНБ-ий хоёр хувиас хэтрэх ёсгүй боловч, хэдийнэ зургаан хувиас давсан гэж Дэлхийн банкны эдийн засагчид тайландаа дурджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ