Хөрөнгийн бирж 38.5 сая төгрөгийн арилжаа хийжээ

Монголын хөрөнгийн биржийн ээлжит арилжаанд 16 компани оролцож, 38 сая 590 мянган төгрөгийн гүйлгээ хийжээ. Үүнээс А самбарт есөн компанийн 10 мянга 735 ширхэг хувьцааг 38 сая төгрөгөөр арилжаалав.

Харин Б самбарт долоон компанийн 405 ширхэг хувьцааг 583 мянган төгрөгөөр борлууллаа. Энэ удаа 10 компанийн хувьцааны ханш өсч, дөрөв нь буурч, үлдсэн нь өөрчлөгдсөнгүй. Эдгээрээс “АПУ” ХК-ийн 8351 ширхэг хувьцаа арилжаалагдсан нь хамгийн эрэлттэй байсан бол “Баянгол” зочид буудлын нэгж хувьцаа 50 мянган төгрөгт хүрсэн нь дээд ханш байлаа.

Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хорооны албан тоот, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаас борлуулах журмыг үндэслэн “Тулга” компанийн 13 мянган ширхэг хувьцааг бүртгэлээс хасчээ. Учир нь тус компани зохион байгуулалтаа өөрчилж хязгаарлагдмал хувьцаат компани болсон байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ