Түүхэн гурвал финалд үлдлээ

NBA-гийн плэйофф эхлэхэд сагсан бөмбөгийн алдартай экспертүүд Дорнод бүсээс өнгөрсөн жилийн аварга Майами Хит ядах юмгүй шалгарна, харин өрнөдөөс Даллас юмуу Сан-Антониогийн хуучцуулын аль нэг гарах нь дамжиггүй хэмээж байсан билээ.

Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэдэг шиг хашир шинжээчид улирлын турш багууд хоорондоо хэрхэн яаж тоглож ирсэн, плэйоффд аль баг нь илүү амжилт гаргах төлөвтэй зэргийг гарцаагүй хэлсэн байна.

Хэдийгээр бөмбөг бөөрөнхий гэдэг ч шарсан мах андахгүй шар зурхайч шиг тэр нөхөд өрнөд бүсээс Лос-Анжелос Клипперс, Оклахома Сити Тандер, Мемфис Гризлис зэрэг шинэ үеийн хүчирхэг багууд бус хөгшчүүл финалд үлдэнэ гээд байсныг одоо л нэг бид ойлгож байна.

Сан-Антонио Спэрс плэйоффын эхний шатанд эртний өрсөлдөгч, хашир туршлагатай, өндөр зохион байгуулалттай, олон жил NBA-д тоглож гайхалтай амжилт үзүүлсээр ирсэн Дирк Новицкигээр удирдуулсан Даллас Маверикстай хүнд хэцүү цувралыг хийсэн. Эцсийн мөчид 4:3-ын харьцаагаар плэйоффын дараагийн шатанд шалгарч чадсан Спэрсийн залууст энэ жилийн плэйоффын хамгийн хэцүү цуврал Далластай хийсэн энэ цуврал л байсан болов уу.

Хоёрдугаар шатанд Портлэндийг 4:1-ээр, бүсийн аваргын төлөө цувралд ид хүчирхэгжиж NBA-гийн шинэ цагийг тодорхойлж яваа Кевин Дюрантаар тэргүүлүүлсэн Оклахомаг 4:2-оор хөнгөхөн буулгаж авснаар туршлагатай сагсчид улирлын аваргын төлөө тоглохоор шалгаран үлдээд байна. Магадгүй эндээс ажиглахад Спэрсийг хариугүй мултлах дөхсөн Даллас Мавериксын залуус тэдний оронд байсан бол мөн л Портлэнд, Оклахомаг ядах юмгүй туршлага заан буулгаж авах байсан болов уу.

Тим Данкан, Ману Жинобили, Тони Паркер нарын даруухан гурвал олон жил хамтдаа тоглосоор ирсэн. 1999 онд шинэ мянганы босгон дээр Чикаго буллз, Майкл Жорданы эрин үеийг дуусгаж түүхэндээ анх удаа NBA-гийн аваргыг хүртсэн тэр жил Данкан шинэ цэрэг байлаа. Алдарт Дэвид Робинсоноос их зүйл сурч авсан тэрээр өнөөдрийг хүртэл Сан-Антониогийн түүхийг амжилттай үргэлжлүүлсээр байна.

2000-2003 онд Шакил, Коби хоёрын хослол алдарт Фил Жексоны удирдлага дор завсаргүй гурав түрүүлснийг 2004 онд эгнээндээ аргентины легионер Ману Жинобили, Францын легионер Тони Паркер нарыг нэгтгэсэн Робинсон, Данканы хослол зогсоож хоёр дахь түрүүгээ авсан.

Үүнээс хойш дундаа нэг улирлын завсарлагатай хоёр удаа түрүүлэхдээ (2005, 2007) ачааны гол хүнд Данкан, Жинобили, Паркер нарын залууст хэдийнэ ирж Спэрсийн хуучны хашир тоглогчид бүгд цаг хугацааны эрхээр багаа орхисон байлаа.

2003, 2005, 2007 онд түрүүлж тогтмол өндөр амжилт үзүүлсэн жилүүдээс хойш тэдний амжилт буурч аваргын төлөө шалгарч үлдээгүй ч залуус аль хэзээний NBA-гийн хуучцуулын тоонд багтаж тэр хэрээр улам их туршлага суусан. Гэсэн ч багаа орхиж үнэнч хөгжөөн дэмжигчдээ гонсойлгосонгүй өнөөг хүртэл тулалдсаар өнгөрсөн жилийн финалд ид хүчирхэг байгаа, "их гурвал" хэмээн цоллогдсон, Леброн Жеймсээр удирдуулсан Майами Хиттэй долоон тоглолт хийснээр эргэн ирснээ зарласан.

Тэрний өмнө жил финалын цувралд Оклахома Сити Тандер Майами Хиттэй өрсөлдсөн ч 4:1-ээр хялбархан ялагдсанаар Тандерын залуус одоохондоо аваргын цомыг хүртэхэд эрт байгааг харуулж үзэгчид, хөгжөөн дэмжигчид арай өөр өрсөлдөөнийг хүлээж байсан юм. Тэгвэл Сан-Антониогийн гурвал финалд эргэн ирснээр Майами Хит эцсийн мөчид тэднийг арайхийж буулган авсан билээ.

Харин энэ жил Спэрс амжилтаа давтаж аваргын төлөөх цувралд дахин үлдэж чадлаа. Дээр дурдсанчлан Далласыг эс тооцвол тэднийг энэ хүрэхэд саад хийх өрсөлдөгч байсангүй. Майами Хит ч гэсэн ид үедээ байгаа гэдгээ харуулж Шарлотт Бобкэтсийг 4:0, Бруклин Нетсийг 4:1, Индиана Пейсерсийг 4:2-оор хялбархан буулгаж авсан юм.

Майами финалд 15 тоглолтын дараа үлдэж чадсан бол Сан-Антонио 18 тоглолтын дараа үлдээд байна. Леброн Жеймс гурав дахь жилээ дараалан NBA-гийн аварга болох уу, Тим Данкан өнгөрсөн жилийн хариугаа авч карьерынхаа тав дахь түрүүгээ авахуу гэдгийг шийдэх цуврал энэ сарын 06-ны баасан гаригаас эхэлнэ.

Нэг зүйлийг хэлэхэд арван жил салшгүй нөхөрлөж хамтдаа зүтгэж ирсэн Сан-Антониогийн гурвал бол NBA-гийн яах аргагүй түүхэн их гурвал билээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин