Зэс, нүүрс монголчуудыг үүрд тэжээх баялаг биш

Дэлхий дээр үнэт чулуу, эрдэнэс сонирхогч, цуглуулагчид анар чулууг алмаазтай адилтган үзэж “цусан очир” хэмээн нэрлэдэг. Тархац муутай, маш ховор, хатуулгаараа алмааз, онгонитын дараа ордог энэ чулуу ӨАБНУ, Шри-Ланка, Танзани, Норвеги, Аргетинд голдуу байдаг. XIX зууны сүүлийн хагасаас Богемийн орд газруудаас маш үзэмжтэй, шаргалдуу улаан чулууг их хэмжээгээр олборлон гоёл чимэглэлд ашиглаж байсан нь чамгүй үнэд хүрч байж. Гэвч тухайн үед хүн төрөлхтөн шашны хэт ноёлсон үзлээс ангижирч чадаагүй байсан учир анарыг “Чөтгөрийн нулимс” гэж итгэн тахилга, сүнс дуудах, шулам дарах ёслолд ашиглаж байсан гэдэг.

Харин Кимберлитийн ордоос алмаазын хамт олдсон улаан, Уралаас олборлож эхэлсэн ногоон анараар ХХ зууны эхэн үед дээд зэрэглэлийн үнэт зүйлс хийж эхлэхэд барууны эрхэмсэг хатагтай, ноёд нэг бүрийг нь 10 мянган ам.доллараар үнэлж байжээ. Тухайн үед энэ хэмжээний мөнгөөр бүхэл бүтэн эдлэн, газрын тосны багахан уурхай авч болохоор байсан гэх баримт бий. Одоо анарыг үнэт чулуунд тооцож байгаа ч цул, сэвгүйг нь маш өндрөөр үнэлдэг. Олон улсын эрдэнэсийн оргил ханшаар тооцоход сэвгүй, засаж, янлаагүй, цул анар кг нь 30-40 мянган ам.долларт хүрдэг юм байна.

Манай улсын хувьд энэ чулууны нөөцийг албан ёсоор тогтоогоогүй боловч 1990 оноос өмнө хайгуул судалгаа хийж, бүр олборлож байжээ. Монгол, Орос, Чехсловакийн хамтарсан баг 1970-1975 онд Архангай, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Говь-Алтайд анарын хайгуул хийсэн байна. Энэхүү хайгуулын тайланд дурдсанаар Архангай аймагт анарын томоохон орд байх боломжтой бөгөөд албан бус дүнгээр /нарийвчилсан хайгуул хийгээгүй/ 150 мянган тоннын нөөцтэй гэжээ. Хайгуул хийсний дараа 1988 он хүртэл манай улс ЗХУ-д бага хэмжээний анар нийлүүлж байсан ч төлбөр, татвар огт авч байгаагүй гэдэг. Тэгээд ч үүнд нэг их ач холбогдол өгдөггүй байсан бололтой. Харин оросуудын зассан анараар барууны баячууд гоёдог байсан баримт бий. Английн дуучин Элтон Жонд ЗХУ-ын намын томоохон зүтгэлтний бэлэглэсэн бөгж, таяг байдаг бөгөөд эдгээрийг Монголоос олборлосон анараар чимэглэсэн тухай алдарт дуучин нэгэнтээ өгүүлжээ.

Гэхдээ Монгол орны геологийн судалгаа номонд өгүүлснээр, Монголоос 1917 онд Орост хүргэгдсэн “цусан алмааз”-ыг Оросын нэрт геологич, геохимич А.Е.Ферсман судалж үзээд уг чулуу нь дэлхий дээр олдож байсан томоохон кварцын чулуулгуудтай дүйцэхүйц хэмжээний улаан анар гэж тодорхойлсон байна.

Үүнийг Өмнөд Африкийн Кимберлит /Дэлхий дээрх анарын хамгийн том орд/ дэх чулуутай ижил чанартай ч энэ анарыг Монголын чухам хаанаас олсныг тогтоож чадсангүй хэмээн бичжээ. Гэвч 1980-аад оны дундуур Архангайн Трианы ордоос олборлосон зангидсан гарын дайтай том анар чанар, кварцын агуулгаараа энэ чулуутай дөхөж байсан гэнэ. А.Е.Ферсманы тэмдэглэлийн дэвтэрт нэгэн чухал зүйл бичсэн байсныг оросууд нэлээд удаан нуусан ч 1990 он гарсны дараа манайхан үүнийг олж мэдсэн гэж нэг ахмад геологич ярьж байсан. Тэрээр хятадууд 1900 оны үед Улаанбаатараас баруун урагш 200-300 км газраас анар, цагаан хаш, доржпалам олборлож байсан бөгөөд эдүгээ хүртэл тэр газрыг олоогүй байна. Учир нь хятадууд нөхөн сэргээлтийг сайн хийсэн бололтой гэжээ.

Социализмын үед манайхан Архангайн ордод анхаарлаа хандуулж байсан тул бусдыг нь орхигдуулсан гэхэд болно. 1985 онд Говь-Алтайн Цээлээс альмандин буюу улаан анарын багагүй нөөц илрүүлсэн бөгөөд тэндээс олдсон зарим анарын хэмжээ 2-3 кг хүрч байжээ.

1990 он гарсаар, анарын судалгаа, олборлолт эрс хумигдсан ч сүүлийн жилүүдэд гадныхан, ялангуяа хятадууд манайд анар хайх хүсэлтээ олонтаа илэрхийлсэн байна. Гэхдээ үүнээс урьд манайхан анарын ханшийг олон улсын жишгээр тооцож байсан аж.

Тэгэхэд таваарын бүтээгдэхүүний бөөний үнийг анх тогтоосон хэмжээнээс 40 хувь бууруулан мөн дагавар бүтээгдэхүүн хризолит чулуунд шинээр үнэ тогтоолгон 1989 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөж эхэлсэн гэнэ.

Энэ ханшийн дагуу олон улсад сорт, агууламжаасаа шалтгаалан өндөр багагүй үнэд хүрдэг анарыг кг-ыг нь 2926 төгрөгийн өөрийн өртөгтэй гаргасан байх юм. Мэдээж экспортын таваарт тодорхой чанар, стандарт тогтоодог тул ихэвчлэн сортын буюу сэвгүй, жин сайтай анаруудыг гадагш гаргаж байж. Гэхдээ энэ нь албан ёсны нийлүүлэлт.

Сураг сонсоход Хөвсгөл, Ховд, Архангайгаас хятадууд чулуу түүж, заримдаа нутгийн иргэдээр түүлгэж урагш гаргадаг. Эдгээрийг хүмүүс ямар чулуу болохыг нь мэддэггүй юм билээ. Ямартай ч хэдэн жилийн өмнө хятадууд их хэмжээний ногоон хаш, мана, анар нууж авч яваад баригдсан нь бий. Тэгэхээр монголчууд зэс, нүүрсэнд хэт шүтээд бусад баялгаа анзаарах сөхөөгүй, хэн, яаж зарцуулж, зувчуулж байгааг ч мэдэхгүй байгаа бололтой.

Д.Амар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ