Япон манай улсаас нүүрс авах санал тавив

Эдийн засгийн хөгжлийн яамнаас Монгол, Японы Засгийн газар болон, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн VI зөвлөлдөх уулзалтын талаар мэдээллээ. Зөвлөлдөх уулзалт худалдаа хөрөнгө оруулалт болон уул уурхай, эрдэс баялгийн гэсэн үндсэн хоёр хэсэгтэй хуралджээ. Энэ үеэр манай талаас уул уурхайн салбарт ашигт малтмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлж, дэд бүтэц бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, гадаад худалдааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр Япон улстай хамтран ажиллах санал тавьсан байна.

Харин Японы зүгээс манайхаас тогтмол хугацаанд хямд, чанар сайтай нүүрс худалдан авах сонирхлоо илэрхийллээ. Түүнчлэн Таван толгойг ашиглахад оролцох, ялангуяа энэ ордоос хувьцаа эзэмших асуудал тавьжээ. Япончууд үүний тулд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр худалдааны хамтарсан корпораци байгуулах ажлыг яаравчлах шаардлагатайг онцолсон юм.

Зөвлөлдөх уулзалтын дүнд хоёр тал хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологи судалж нэвтрүүлэх, “Дархан” газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллаж, энэ ондоо багтаан төсөл хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Мөн  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр барих судалгааг япончууд хийхээр болсон байна.

Гэхдээ Японы талаас Монгол Улсын хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчин тогтворгүй, гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн төр, засгийн үйлчилгээ удаан, хүнд суртал ихтэй, БНХАУ, ОХУ-аар дамжин өнгөрөх тээврийн зардал өндөр зэрэг нь Монгол, Японы худалдааг хөгжүүлэхэд бэрхшээл учруулдгийг онцгой анхаарахыг хүсчээ.

Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалт болон аж үйлдвэрийн салбарт эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрчим хүчний салбарт эх үүсвэр, дэд бүтцийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх замаар ажлаа сайжруулах, дамжуулах сүлжээ зэргийг Японы Олон улсын Хамтын ажиллагааны банкны санхүүжилтээр хийхээр санамж бичиг байгуулжээ.

Д.Амар

  .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ