Реал vs Байерн, Челси vs Атлетико

Аваргуудын лигийн хагас шигшээгийн сугалааг өнгөрсөн баасан гаригт тодрууллаа. Испанийн хоёр буюу Мадридын клубүүд болох Реал Мадрид, Атлетико Мадрид, Германы аварга Байерн Мюнхен, Английн аварга болохоор тэмцэлдсээр буй Челси клубүүд энэ жилийн Аваргуудын лигийн аваргын цомыг өргөхөөр хагас шигшээд шалгараад байгаа билээ.

Реал Мадрид, Байерн Мюнхен хоёр хагас шигшээд тулгарах бол нутаг нэгт Барселонаг мулталж үлдсэн Атлетикотой Челси хүч үзнэ.

Аваргуудын лигийн хамгийн олон түрүү буюу есөн удаа аваргын цомыг өргөсөн Реал Мадрид клуб дөрвөн удаагийн аварга, өнгөрсөн жилийн түрүү магнай Байерны хоорондох тоглолт жинхэнэ үзүүштэй минут бүр нь ширүүн өрсөлдөөнөөр дүүрэн байх нь гарцаагүй юм.

Байерны хувьд олон тойргийн өмнө Бундеслигийн аварга болох нь тодорхой болоод байгаа сүүлийн үед ид хүчирхэг, өнгөлөг дээрээ буй баг бол Реал Мадридын хувьд олон шилдэг тоглогчтой, ингээд үзэхэд энэ хоёрын хэн ялах нь зөвхөн тэр үдшийн тэнгэр л мэднэ гэхээр.

Үнэхээр хөлбөмбөгийн бурхан тэнгэр л ялагчийг тодруулж мэдэх тоглолт бол үүнээс гадна Челси Атлетико нарын тулаан. Барселонаг унагаж шуугиан дэгдээсэн Атлетико Челсиг нухна л гэж үзнэ. Тэгвэл Челси ч мөчөөгүй өгөхгүй эцсийн мөчид ч хожлын гоол оруулж амждаг адтай тоглогчдоор дүүрэн.

Энэ дашрамд нэгэн зүйл сонирхуулахад Испанийн “Атлетико Мадридад Челсигээс зээлээр тоглож буй хаалгач Тибаут Куртис Челсигийн эсрэг тоглохгүй байж мэдэх аж. Учир нь хоёр багийн хооронд хийгдсэн гэрээнд Европын хөлбөмбөгийн холбооны тэмцээнд хоёр баг учраа таарвал хаалгач Тибаут Куртис талбайд гарахгүй ба гарсан тохиолдолд Челсид таван сая фунт стерлинг төлнө хэмээсэн байдаг аж.

Тиймээс гэрээгээ мөрдөх үү таван саяыг төлөх үү гэдэг сонголттой Мадридын клуб нүүр тулгараад байна. Тэгвэл энэ гэрээг шударга бус хэмээн үзэж буйгаа Европын хөлбөмбөгийн холбооноос зарлаад байгаа.

Дөрөвдүгээр сарын 22, 23-нд эхний тоглолтууд явагдах ба 29, 30-нд хариу тоглолтууд болох юм.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин