Япончууд Турктай хамтарч атомын станц байгуулна

Туркийн Засгийн газар Япон-Францын консорциумтай атомын цахилгаан станц байгуулахаар хэлэлцсэн нь амжилттай болсон талаар ВВС уламжиллаа. Энэ гэрээ нь нийт 22 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд япончуудын хувьд Фүкүшимагийн ослоос хойш атомын цахилгаан станц байгуулах анхны хэлэлцээр болжээ.

Гэрээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ гарын үсэг зурсан байна. Харин Туркийн Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан энэ хэлэлцээрийг стратегийн харилцаа гэж цохон тэмдэглэжээ. Тэрбээр “Фукушимагийн осол бүгдэд том сургамж болсон. Гэхдээ аюулгүй эрчим хүч гэдэг нь атомын цахилгаан станцыг үгүйсгэх явдал биш. Харин технологио илүү аюулгүй болгож, хяналтын системийг сайжруулах ёстой” гэв.

Шинээр барих атомын цахилгаан станцын барилга, угсралт, технологийг Японы “Mitsubishi Heavy Industries” гүйцэтгэх болжээ. Мөн “Itochu”, “GDF Suez” оролцох аж. Хамгийн гол нь шинэ станц Туркт босох бөгөөд энэ нь тус улсын эрчим хүчний хоёр дахь том эх үүсвэр болно гэжээ.

Д.Амар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ