Челсид гурван минут л үлдээд байлаа
Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хоёр чухал тоглолт боллоо. Олны анхаарлыг татаж байсан Челси болон Парис Сен Жермен клубүүдийн тулаан Лондоны Стэмфорд Бридж цэнгэлдэхэд болж талбайн эзэд 2:0 харьцаатай ялалт байгуулав.
Ингэснээр өнгөрсөн долоо хоногт өрсөлдөгчийнхөө талбайд хийсэн тоглолтод 3:1-ээр ялагдал хүлээгээд байсан Челси нэгдсэн дүн 3:3 болсон хэдий ч өөрийн талбайд гоол алдаагүй үзүүлэлтээр Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт шалгарч чадлаа. Андре Шурле тоглолтын 32 дахь минутад гоолдож 1:0-ээр Челси хошуучилж эхэлсэн ба тоглолтын үндсэн цаг дуусахын өмнөхөн буюу 87 дахь минутад Демба Ба тооны харьцааг 2:0 болгосон юм.
Нэг үгээр хэлбэл Челси хасагдаж Парис Сен Жермен их шөвөгт үлдэхэд гуравхан минутын зай байлаа. Жозе Моуриньо 2004 онд Португалийн Порту клубыг удирдаж байхдаа мөн л ийм тоглолт үзүүлж эцсийн мөчид Олд Траффордод Манчестер Юнайтедыг буулган авч байсан амжилтаа дахин нэг харуулж байна.
Ийнхүү 2012 онд Аваргуудын лигийн аварга цолыг гайхамшигтай ялалтуудыг ээлж дараалан байгуулсаар хүртсэн Челси их шөвөгт Испанийн эзэн хааны клуб Реал Мадридтай хамт үлдээд байна.
Реал Мадридын хувьд эхний тоглолтыг талбайдаа хийж 3:0-ээр Боруссиа Дортмундыг буулгаж аваад байсан тул харьцангуй тайван байсан гэхэд болно. Гэвч өнгөрсөн шөнийн тоглолтод Дортмундын Марко Рьюс 24, 37 дахь минутад 2 ч гоол дараалан оруулж Реалчуудыг сандаргаад авлаа. Гэсэн ч үлдсэн хугацаанд Реал хамгаалалтаа чангатгаж алдаагаа зассанаар тоглолт 2:0-ийн харьцаагаар Дортмундын ялалтаар өндөрлөсөн ч нийлбэр дүн 3:2-оор гарсан тул Реал Мадрид ийнхүү их шөвөгт үлдэж байна. Өнөө шөнө Аваргуудын лигийн үлдсэн хоёр тоглолт явагдана. Манчестер Юнайтед Байерн Мюнхений талбайд зочилж асуудлыг шийдэх бол Барселона Мадридын өөр нэг баг болох Атлетикогийн талбайд тоглоно. Эргэн сануулахад өмнөх тоглолтууддаа Улаан чөтгөрүүд 1:1-ээр Байернтэй Олд Траффордод тэнцсэн бол Барселона Атлетикотой 1:1-ээр тэнцээд байгаа.
Дөрөвдүгээр сарын 11-нд их шөвөгт үлдсэн багуудын сугалаа гарах ба 22, 23-нд эхний тоглолтууд, 29, 30-нд хариу тоглолтууд болох юм.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ