Челси тун чухал ялалтыг авлаа
Челсигийн шинэ довтлогч египет залуу Мухамед Салах өнгөрсөн шөнө Сток Сититэй хийсэн тоглолтын үеэр 32 дахь минутад гоолдсоноор энэ тоглолтод итгэл төгс хожих, улмаар Премьер лигийн хүснэгтийг тэргүүлэгчийн байраа буцааж авахын эхлэл болов. Улмаар Лампард (61 дэх минут), Уиллиан (71 дэх минут) нар нэмж гоолдсоноор Челси 3:0-ээр Сток Ситиг буулган авч 33 тойргийн дараа 72 оноотойгоор лигийг тэргүүлж байна. Тэдний араас 71 оноотой Ливерпуль болон 70 оноотой Манчестер Сити удаалж байгаа. Жозе Моуриньогийн цэргүүд өнгөрсөн өдрүүдэд Аваргуудын лигийн хүрээнд Парис Сен Жермен клубтэй таарч тоглон эхний тоглолтдоо 3:1-ээр хожигдон тэмцээнийг цаашид үргэлжлүүлэхэд хүнд байдалд ороод буй. Ирэх мягмар гаригт Стэмфорд Бриджд хариу тоглолт болох бөгөөд Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт шалгарах эсэхээ шийднэ. Ийм хүнд үед Премьер лигийн хүрээнд ялалт байгуулж тэргүүлэгчийн байрлалаа хадгалж чадсан нь Челсид цаг үеэ олсон сэргэлт болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ