Манай улс валютын нөөцөө зориулалтаар нь ашигладаггүй
Монголбанкны статистик судалгаанаас харахад манай улс өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум ам.доллартай тэнцэх гадаад валютын нөөцтэй болжээ. Үүнийг хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад маш их тоо хэдий ч оны эхэнд энэ хэмжээ 4.09 тэрбум ам.доллар байсан юм. Гадаад валютын нөөц ийм үзүүлэлттэй болсон нь гадаад хөрөнгө оруулалт багассантай шууд холбоотой юм байна.
Ер нь гадаад валютын нөөцийг яагаад бүрдүүлэх ёстой вэ. Албан ёсны тодорхойлолтоор энэ нөөцийг интервенци хийх, улс орны гадаад өр төлбөрийг төлөх чадварыг хангах, санхүүгийн хямралт байдлаас аль болох түргэн хугацаанд зардал багатай гарах, дотоодын валютын захын хөрвөх чадварыг хангах, гадаад валютын үнэ цэнийг хадгалах зорилгоор бүрдүүлдэг ажээ.
Харин манайх эдгээр зорилгын дагуу ашиглах нь ховор. Учир нь валютын захын тогтворгүй байдлаас шалтгаалж нөөцийн 60 гаруй хувийг интервенци хийхэд зарцуулдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, голлох валютуудын ханш хэт чангарч, импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед Төвбанкнаас тухайн валютуудыг зах зээлд зохих хэмжээгээр нийлүүлэхээс өөр зүйлд ашигладаггүй гэсэн үг.
Уг нь Монгол Улсын зээлжих зэрэглэл шат ахиж, өр төлөх чадвартай орнуудын тоонд орсноор буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл зэргээр биш, энгийн зээлээр хөрөнгө босгох боломжтой болсон. Гэвч энэ нь гадаад валюын нөөц болон дотоодын үйлдвэрлэл, экспорт зэрэг эдийн засгийн онолын дагуух хүчин зүйлээр биш, зөвхөн ухаж гаргах баялгийнхаа хэмжээгээр ийм боломж бүрдүүлжээ.
Гэхдээ саяхан Монголбанкнаас гадаад валютын нөөцийн удирдлгагыг ил тод болгож буйгаа зарлав. Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад, улсын нөөцийн удирдлагын ил тод байдлын жишиг хэмжүүр байдаг бөгөөд үүнийг ОУВС-гаас тогтоодог. Тус сангийн зөвлөмжийн дагуу валютын нөөцөө ил тод болгож чадсан улсуудад дандаа өндөр зэрэглэлийнхэн багтсан байх юм.
Тухайлбал, үндэсний валют нь нөөцийн валют болсон Их Британи, Канад, Австрали гэх мэт улс гадаад валютын нөөцөө ил тод болгож чадсан орнуудыг тэргүүлдэг бол саяхнаас Чех, Эстони, Унгар, Болгар зэрэг орон жагсаалтын орой руу хурдтай өгсөж байна.
Үүнээс гадна эдийн засгийн бүрдүүлэлтээрээ манайхтай төстэй Чили, Казахстан зэрэг орон жагсаалтад багтсан. Гэхдээ эдгээрийн нөөцийн хэмжээ манайхаас хэд дахин илүү, бас хүчирхэг нөөцтэйн хувьд тухайн улсын санхүүгийн батлан даагч болж чаддаг ажээ. Харин манай улс эмзэг эдийн засагтай, хөрөнгийн зах зээл нь хөгжлийн гараанаасаа гараагүй учраас валютын нөөц, байршил, ямар хэлбэрээр хадгалж байгаагаа зарлах нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр эрсдэлд орох нөхцөл болдог гэж зарим эдийн засагч үзэж аж.
Үүнийг хялбараар тайлбарлавал, хөрөнгө оруулалт нэрээр богино хугацаанд их хэмжээний ашиг олох сонирхолтой бизнесийн бүлэглэлүүд манайд орж ирэх магадлал өндөр байгааг дотоодын төдийгүй гадны шинжээчид анхааруулсаар байна. Манайх шиг орны хувьд хөгжлөө хурдасгахын тулд гадны хөрөнгө оруулалт татах нь нэн тэргүүнд анхаарах ёстой асуудал юм. Энэ утгаар сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт хэд дахин нэмэгдсэн.
Гэвч үүнийг дагаад манай улсын валютын сангийн нөөцийн 40 орчим хувь нь “халуун” мөнгө буюу гадныхан хөрөнгийн бирж дээр маш богино хугацаанд хувьцаагаа зараад гарч явснаас үүдэлтэй валютын бөөгнөрөл ажээ. Тиймээс Төвбанкны удирдлагуудыг халж, солих тухай ярьж байхдаа санхүүгийн бусад асуудлыг анхаарах шаардлага бий юм.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ