Монголчууд дахин нэг ёкозүна төрүүлэв

Японы мэргэжлийн сүмогийн Хару башё маш сонирхолтой, монголчуудын сэтгэлийн баясгасан сайхан барилдаануудаар дүүрэн болж өндөрлөв. Ёкозүна буюу их аварга цолны болзол сонсоод байсан манай сүмоч озэки Какүрюү М.Ананд хийгүй сайхан барилдсаар 14 даваа 1 унаатай түрүүллээ.

Ингэснээр мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга болох болзлыг хангаад байна.

Гурав дахь өдрийн барилдаанд маэгашира Окиноумид М.Ананд ошидаши мэхээр өвдөг шороодсон бөгөөд түүнээс хойш бүх өдрийн барилдаандаа нэг ч уналгүй давсаар ийнхүү түрүүлж байна.

Тэрээр түрүүлэхдээ хоёр ёкозүнаг өвдөг шороодуулсан хийгээд тэднийг давж шуугиан тариад байсан озэки Котошогикүг башёгийн сүүлийн өдөр болох өнөөдөр унагаж нэмэлт барилдааны шаардлагагүйгээр түрүүллээ.

Ингэснээр Японы мэргэжлийн сүмогийн сүүлийн дөрвөн ёкозүна талын монголчуудаас дараалан тодорч байна.

Анх удаагаа эзэн хааны цомыг өргөж буй М.Ананд маань өдгөө 28 настай ба 186 см өндөр, 146 кг жинтэй юм. 2001 оны арваннэгдүгээр сард сүмод анх хөл тавьж байсан М.Ананд 2005 онд Жүрё зиндаанд дэвшин барилдаж улмаар 2006 онд Макүчид орсон юм.

Энэ цагаас хойш тасралтгүй амжилтаа ахиулсаар 2009 онд саньяку буюу өндөр цолонд хүрч 2012 онд озэки болсон билээ.

Мөн өнөөдрийн барилдаанд олны анхаарлыг татаж байсан хоёр ёкозүнагийн барилдаан үзүүштэй сайхан болж Харумафүжи ёрикири мэхээр давлаа.

Ингэснээр Хакухо, Харумафүжи хоёр аварга хоёул 12 даваа 3 унаатай башёг өндөрлүүлж байгаа бол бусад монгол сүмочдын хувьд Кёкүтенхо Н.Цэвэгням 9 даваа 6 унаатай, Азамарюү С.Тодбилэг 6 даваа 9 унаатай, Таканоива А.Баасандорж 10 даваа 5 унаатай, Кагамио Б.Нанжид 5 даваа 10 унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил 5 даваа 10 унаатай, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8 даваа 7 унаатай тус тус башёг дуусгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин