Хагас шигшээд хэн нь үлдэх вэ

Европын хөлбөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг Аваргуудын лигийн 2013-2014 оны аварга тодрох мөч ойртсоор байна. Шөвгийн наймд шалгаран үлдсэн найман клубын оноолтыг сугалаа татан таарууллаа.

Өнгөрсөн жилийн аварга Германы Байерн Мюнхен клуб Английн Манчестер Юнайтедтай таарч хамгийн үзүүштэй, сонирхолтой тоглолтоор нэрлэгдсэн бол Испанийн хоёр клуб хоорондоо таарсан нь Барселона болон Атлетико Мадрид байв. Мадридын нөгөө клуб болох Реал Германы Боруссиа Дортмундтай, Английн Челси Францын Парис Сен Жерментэй тус тус сугалаагаар таараад байна.

  1. Манчестер Юнайтед – Байерн Мюнхен

Өнгөрсөн жил түрүүлсэн Байерн Мюнхений хувьд сүүлийн үед харьцангуй сулраад буй Манчестер Юнайтедтай таарсан ба хүсэн хүлээж байсан зөөлөн боорцогтойгоо учирсан мэт сэтгэл хангалуун байгаагаа германы лидерүүд илэрхийлж эхэлжээ. Пеп Гуардиолийн хувьд маш сайхан тоглолт болох бөгөөд улаан чөтгөрүүдийг буулган авах нь тодорхой гэдгээ хэдийнэ зарлачихаад байгаа. Үүнээс гадна 15 жилийн өмнө Аваргуудын лигийн аваргын төлөөх тоглолтод энэ хоёр баг өрсөлдөж 2:1-ийн харьцаагаар Байерн Мюнхен хожигдож аваргын цом атгаад алдсан түүхтэй. Энэ гашуун ялагдлыг амсуулсан Манчестер Юнайтедаас тэд хариугаа авч чадах уу. Фрэнк Рибери, Арьен Роббен, Бастиан Шванштайгер, Марио Готзе, Тони Кроос, Жером Боэтенг нарын шилдгүүдийг эгнээндээ багтаасан Байерн Мюнхений хувьд үнэхээр ид хүчтэй дээрээ яваа.

Аваргуудын лигийн түүхэнд 74, 75, 76 онд гурав дараалан, 2001, 2013 онд түрүүлж Реал Мадрид, Миланы ард түүхэнд 5 түрүүтэй бичигддэг байернчуудын хувьд энэ жил түрүүлж чадвал хоёр жил дараалж аваргалсан амжилт түүхэнд бичүүлэх юм.

Манчестер Юнайтедын хувьд дасгалжуулагч Дэвид Мойесоо халах уу байх уу, Премьер лигтээ түрүү байтугай эхний дөрөвт багтаж ирэх жилийн Аваргуудын лигтээ багтах уу үгүй юу дээрээ тулчихсан, бэртэл гэмтэлд ээрүүлсэн тун хүнд нөхцөл байдалд байгаа. Олимпиакосыг чүү ай буулгаж авч энэ шатанд гарч ирсэн Манчестер Юнайтед энэ жил түрүү үзүүр булаалдах багийн тооноос лавтай хасагдаад байгаа. Гэсэн хэдий ч Байернтай яаж тоглохыг дөрөвдүгээр сарын 1, 9-д харсаны дараа л улаан чөтгөрүүдийн талаар лавтай тодорхойлсон нь дээр болов уу.

2. Челси – Парис Сен Жермен

Эргэн сануулахад Челси клуб 2012 онд жинхэнэ гайхамшгийг бүтээж Аваргуудын лигийн аваргын цомыг өргөж байсан. Гэвч яагаад ч юм Роберто ди Маттеогявуулж оронд нь 2004-2007 онд тус багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан алдарт Жозе Моуриньог авчирсан. Энэ нь ч нүдээ олсон шийдвэр байв уу гэлтэй өдгөө Челси Премьер лигээ 31 тойргийн дараа 69 оноотой тэргүүлж аваргын төлөө алхам алхмаар урагшилсаар байна. Өчигдөр л гэхэд Премьер лигийн хүрээнд Арсеналтай хийсэн тулаанд 6:0-ээр бутниргэж ялгуусан хожид байгуулаад байна. Тэд Премьер лигтээ түрүүлэх нь тодорхой болж байгаа бол харин Аваргуудын лигт яах бол? Тэдний өрсөлдөгч Парис Сен Жерменд шведийн шилдэг хөлбөмбөгч Златан Ибрагимович байгаа. Тэрээр энэ зун болох дэлхийн аваргыг шигшээ багтайгаа хамт өнжиж байгаа ч алба хашиж буй багтаа ихээхэн үр дүнтэй тоглолтыг хийсээр байна. Тэрээр нийтдээ 601 минут талбайд тоглож 10 гоол хийснээр мэргэн буучдын жагсаалтад Криштиан Рональдугийн дараа хоёрдугаарт бичигдэж байна. Ингээд Ибра тэргүүтэй Парис Сен Жермен болон Жозе Моуриньогийн цэргүүдийн тулааныг дөрөвдүгээр сарын 2, 8-нд харах үлдлээ. Мэргэжилтнүүд, хөлбөмбөгийн хорхойтнуудынихэнх нь Челсиг дараагийн шатанд шалгарна хэмээн тооцож буйг дашрамд дурдая.

3. Реал Мадрид – Боруссиа Дортмунд

Аль аль нь өөрийн орны лигтээ өндөр амжилттай тоглож буй багууд. Дортмунд Зенит Санкт Петрбургийг нэгдсэн дүнгээр 5:4-өөр буулгаж аван шигшээд орж ирсэн бол Реал Мадрид германы Шалькег 9:2-оор бутниргэсэн. Криштиан Рональду, Карим Бензима, Гарет Бэйл, Анхель де Мариа нараар толгойлуулсан Реалчууд Аваргуудын лигийн түүхэнд 9 удаа түрүүлсэн дээд амжилтын эзэд. Гэхдээ хамгийн сүүлд 2002 онд түрүүлсэн. Өнгөрсөн онд хагас шигшээд одоо таараад буй Боруссиа Дортмундад 4:3-аар харамсалтайгаар хожигдсон тэд энэ удаа хариугаа авч чадах болов уу. Польш довтлогч Левандовски Реалын эсрэг юу хийж чадахыг бид удахгүй дөрөвдүгээр сарын 2, 8-нд харах болно.

4. Барселона – Атлетико Мадрид

Сүүлийн үед Мадридын өөр нэг баг болох Атлетико Мадрид хүч түрэн гарч ирж байна. Жил бүр аваргын төлөө хүчтэй өрсөлддөг Испанийн хоёр клуб энэ жилд гурав болж байна. Гэхдээ тэд энэ удаа хүчтэй өрсөлдөгч Барсатай таараад буй. Магадгүй Атлетико Мадридын энэ улирлын амжилт энд хүрээд зогсож ч болох юм. Харин Барсагийн хувьд хагас шигшээд шалгарах нь бараг тодорхой болов уу. Хөлбөмбөгийн бурхан тэнгэр өөрөө тэдний эсрэг зогсохгүй бол шүү дээ.

Эцэст нь дурдахад Барселона, Челси багууд хагас шигшээд үлдэх нь тодорхой болов уу. Тэдний араас Байерн Мюнхен, Реал Мадрид хагас шигшээд орж ирэх магадлал арай өндөр. Хэрэв тэгвэл хагас шигшээд жинхэнэ гал ассан тулаан болох нь тодорхой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин