Кувейтийн Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Аль Фадлиг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Элчин сайд уулзалтын эхэнд Кувейтийн Эмир шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах Монгол Улс Монголын ард түмнийг халуун дотноор дурсдаг тухай дурдаад, Эрхэм дээд Эмирийн ордны сайд шейх Нассерийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бичгээр ирүүлсэн сар шинийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад гардууллаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Кувейтийн сангийн Монголд явуулж буй үйл ажиллагааны талаар дурдаж, тус сангийн захирлын Монголд хийх айлчлалын үеэр Монгол Улсад Парламентын ордон барих асуудлыг эцэслэн шийднэ гэдэгт найдаж байна гэлээ. Тус сангаас санхүүжүүлж байгаа Хөвсгөл аймгийг Улаанбаатартай холбосон авто замын нээлтэд Элчин сайд оролцохоор төлөвлөсөн байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кувейтийн Эмир нар элэгсэг дотно харилцаатай байдаг нь хоёр орны хамтын ажиллагааг цаашид идэвхтэй хөгжүүлэхэд таатай орчин бүрдүүлж байгааг тэмдэглэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Кувейтэд хийсэн айлчлалын үеэр дэвшүүлсэн Монгол-Кувейтийн хөгжлийн сан байгуулах саналыг сэргээж, ажил хэрэг болгох, хоёр орны харилцаа холбоог хөгжүүлэх, Монгол Улсын дэд бүтэц, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь чухал гэдгийг бас онцолж байлаа. УИХ өнгөрсөн жил Монгол-Кувейтийн хөгжлийн сан байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж өгчээ.
Элчин сайд Халид Аль Фадли нь Монгол Улсад ажиллахаар ирээд удаагүй байгаа ч хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх, Монгол-Кувейтийн хөгжлийн сан байгуулах тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саналыг ажил хэрэг болгох чиглэлээр хүчин чармайлт гаргах болно гэдгээ илэрхийллээ.
Мөн Кувейт улсын Ерөнхий сайд 2014 онд Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэхүү айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд Монгол-Кувейтийн хөгжлийн сан байгуулах болон бусад асуудлаар яриа хэлэлцээ хийхээр Монголын талын тавьсан саналыг дэмжинэ гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ