Укриан хоёр дахь Сири болох уу

Киевт сүүлийн гурван өдөр юу болов

Украинд ерөнхийлөгч Виктор Янукович тэргүүтэй эрх баригчид болон тэдний үйл ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцсэн сөрөг хүчний хоорондох мөргөлдөөн сүүлийн гурав хоногт улам хурцдаад байгаа.

Мягмар гариг буюу хоёрдугаар сарын 18-ны орой эрх баригчид цэргийн хүчээр Киевийн төв талбай болох Майданаас жагсагчдыг хөөн гаргах ажиллагааг эхлүүлсэн. Энэ үеэс аймшигтай цус асгаруулсан мөргөлдөөн эхэлж пүрэв гаригийн шөнө дуустал үргэлжилсэн бөгөөд баасан гаригийн өглөөнөс талууд түр амсхийгээд байна.

Цуст мөргөлдөөний улмаас 80 орчим хүн амь үрэгдсэн гэж байгаа ч үнэн хэрэгтээ 100 хол давсан хэмээн мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.

Улмаар өчигдөр үдээс хойш ерөнхийлөгч Виктор Янукович болон сөрөг хүчний лидер Виталий Кличко, Арсений Ваценюк нар болон Польш, Германы гадаад хэргийн сайд нар оролцсон уулзалт зохион байгуулж түр хугацаагаар мөргөлдөөнийг зогсоож улс орон даяар эмгэнэл зарлалаа. Ингэснээр эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон Майданы буюу Тусгаар тогтнолын талбайд олон зуун мянган иргэд цуглаж эмгэнэн гашуудаж байна.

Путиныг сонгох уу, өрнөдийг үү

Укриан бол 45,5 сая хүн амтай, 603 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан томоохон улс үндэстэн юм. 1991 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласнаас хойш 23 жилийн дараа ийнхүү иргэний дайны ирмэгт тулж ирээд байна.

Укрианы хямралын гол буруутан нь мөнөөх л том гүрнүүдийн геополитикийн бодлогоос үүдэлтэй хэмээх. Укрианы асуудалд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин бол гол тоглогч. Нөгөө талаас Европын холбоо буюу АНУ бодлогоо явуулж энэ улсыг үндсэндээ хоёр хуваачихаад байгаа юм.

Укрианы ерөнхийлөгч Виктор Янукович Европын холбоотой худалдааны гэрээ байгуулахаас татгалзаж, оронд нь Оросыг сонгох шийдвэр гаргасан нь энэхүү үймээний эхлэлийг тавьсан. Энэ нь нэг ёсондоо Оросын тулган шаардалтад автсан хэрэг гэдэг. Учир нь Укриан хамгийн чухал стратегийн хөрш болох ОХУ-аас эдийн засаг, худалдаанытөдийгүй байгалийн хийн хэрэгцээ, импорт, экспортын ихээхэн хувиа хангадаг. Энэ нь Путины хувьд хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрийн хамгийн том хэсэгт нөлөөллөө бататгах гол хөзөр нь болсоор ирсэн. Сүүлийн жилүүдэд Укриан улс Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах (2012 онд Польштой хамтран дөрвөн хотдоо зохион байгуулсан) тэмцээн зохиох зэргээр Европын холбоотой ойртон нөхөрлөх болсон нь Путины эгдүүцлийг хүргэж улмаар импортыг хязгаарлаж худалдааны хатуу бодлого явуулж эхэлсэн нь өнөөгийн хямралын эхлэлийг тавьсан ч гэдэг.

Иймээс ерөнхийлөгч Янукович Европын холбоотой худалдааны гэрээ байгуулахаас татгалзахад хүрсэн. Энэ нь сөрөг хүчнийнхэнд түүнийг огцруулах гол шалтгаан болоод буй. Өнгөрсөн оноос эхлэн жагсаал цуглаан зохион байгуулсаар ирсэн сөрөг хүчнийхний тэмцэл өнөөдөр тус улсыг иргэний дайнд хүргэх цуст мөргөлдөөн болон хувираад байна.

Укриан бол Белорусс биш

Сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Януковичийг огцруулж, парламентыг тараах шаардлагадаа хатуу зогсох аж. Үүнийг нь ч Европын холбоо өөгшүүлж Укрианы эрх баригчид сөрөг хүчнийхний эсрэг цэргийн хүч хэрэглэж байгааг эрс буруушааж байгаа бол ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тэмцэгчдийг буруушааж Европын холбоо болон АНУ-ыг Укрианы дотоод асуудалд оролцохгүй байхыг шаардаж байна. Укрианы баруун хагасын иргэдийн дийлэнх нь “Украин бол Белорусс биш, Киев бол Минск биш. Тиймээс Бид Европынхоо өрх гэрт багтах ёстой” гэж үзэж байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Укрианы ард түмний эрх ашгийг боомилж, алгуур тус улсын тусгаар тогтнолыг үгүй хийж өөртөө нэгтгэх бодлого явуулж байна, түүний гар хөл нь ерөнхийлөгч Виктор Янукович юм хэмээн сөрөг хүчнийхэн хатуу шүүмжилсээр байгаа.

Европын холбооны зүгээс ч сөрөг хүчнийхнийг ихэд дэмжиж ард түмнийхээ хүсэл шаардлагыг хүндэтгэн үзэж хүч хэрэглэхээ зогсоохыг Укрианы засгийн газарт уриалаад байгаа. Тэр ч утгаар Польш, Герман зэрэг улс асуудалд ноцтой анхаарлаа хандуулж Гадаад хэргийн сайд нараа илгээгээд байна.

Мэргэн буучид иргэний дайныг өдөөдөг

Эргээд Киевт юу болж байгаа талаар хүүрнэе. Эх сурвалжуудын уламжилж буйгаар мөргөлдөөн түр намжаад байгаа ч хотын захын дүүргүдээр буун дуу гарсаар байгаа гэнэ. Эрх баригчид болон сөрөг хүчнийхний хооронд хийгдсэн түр хэлэлцээр маш хэврэг тухай CNN, BBC мэдээлж байна. Мөн эрх баригчид босогчдын эсрэг цэргийн хүч хэрэглэхдээ гудамжуудаар хаа сайгүй мэргэн буучид тараан суулгаж байна хэмээжээ. Энэ нь ч үнэн бололтой. Тэдний өгүүлж буйгаар амь үрэгдэгсэд шархадагсадын дотор нүд, толгой, цээжиндээ сумны шархтай олон хүн байсан гэнэ. Толгойдоо буудуулж амиа алдсан олон цогцсуудыг харсан хүмүүс мэргэн буучид л үүнийг хийж чадна гэцгээжээ. Сирид мөн ийм л байгаа, Дамаскт ч мөргөлдөөний үеэр хүмүүс мэргэн буучдын золиос болдог шиг явдал энд өрнөж байна гэжээ.

Монголчууддаа сэрэмжлүүлэг хүргэж байна

Дашрамд дурдахад манай Гадаад харилцааны яамнаас Украинд үүсээд буй нөхцөл байдал улам бүр хурцдаж олон хүний амь үрэгдэж байгаатай холбогдуулан тус улсад сурч, ажиллаж буй манай иргэд туйлын сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлжээ.Мөн Украинд суралцаж буй оюутнуудын эцэг эхчүүд өөрсдийн үр хүүхэдтэйгээ холбоо барьж уг сэрэмжлүүлгийг уламжилж өгөхийг хүсч байна.

Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч Х.Болдхуягтай + 380672091071, +380933879037 дугаарын утсаар холбогдох буюу ул.Желябова,8/4, офис: 613г. Киев, Украина 03680 хаяг дээрх Консулын төлөөлөгчийн газарт очно уу гэжээ.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ