Жилийн найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэзээ хэрэгжиж эхлэх вэ

Өмнөх Засгийн газраас иргэдэд чиглэсэн дорвитой ганц ажил нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр. Сонгуулийн өмнөхөн эхэлсэн, бас долоон хувийн хүүтэй авсан зээлээ жилийн зургаан хувийн хүүтэй болгон иргэдэд өгсөн, дээрээс нь Засгийн газрын хөтөлбөрийг ганц арилжааны банкаар дамжуулж хэрэгжүүлсэн гээд алдаа мадаг цөөнгүй гаргасныг эс тооцвол энэ нь яах аргагүй хүнд тустай ажил байсан юм. Яагаад гэвэл улсад алдагдалтай хэдий ч өнөөдөр 800 орчим айл бага хүүтэй, урт хугацаатай зээлээр бага талбайтай ч болов орон сууцтай болсон.

Гэхдээ энэ сайхан мэдээ урт настай байгаагүй. Шинэчлэлийн Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг энэ хэвээр нь үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ зарласан бөгөөд байртай болно гэж мөрөөдөж явсан хүмүүсийн хувьд энэ нь жинхэнэ дуулиан байлаа. Жагсаал, суулт зарлан, холбоо байгуулж амжсан иргэд нэг зүйлийг анзаараагүй нь хөтөлбөрийг огт хэрэгжүүлэхгүй биш, энэ хэвээр нь үргэлжлүүлэхгүй гэдэг үг байв.

Тиймээс Засгийн газар иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрөө зарласан юм. Өөрөөр хэлбэл, иргэд 80 хүртэлх м.кв талбайтай орон сууцыг жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлээр авах эрхзүйн орчин бүрдэж байна гэсэн үг. Одоо энэ асуудлыг УИХ хэлэлцэж, хуулийн орчныг баталгаажуулах л үлдсэн.

Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар гарын үсэг зурсан.

Санамж бичиг болон иргэдийг орон сууцжуулах бодлогын үндсэн нөхцөлийг харахад шинээр баригдаж бүрэн ашиглалтад орсон, 80 ам.метрээс дээшгүй талбай бүхий, эсвэл ашиглагдаж байгаа хуучин орон сууцнаас худалдан авахаар хүсэлт гаргасан, нийт үнийн дүнгийн 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлсөн иргэдийг жилийн найм (-,+1) хувийн хүүтэй зээлд хамруулах боломжтой ажээ.

Энэ зээлийг 20 хүртэлх жилийн хугацаатай олгох бөгөөд орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журмыг баталж, ипотекийн журмаар арилжааны бүх банкуудаар дамжуулан иргэдэд олгох учраас дараалал үүсч, иргэдэд төвөг удахгүй юм билээ.

Гэхдээ энэ ажил эхлэхэд асуудал багагүй гарна гэж эдийн засагчид үзжээ. Тодруулбал Улаанбаатар хотын хүн амын 67 хувь буюу 740 мянга орчим нь гэр хороололд амьдардаг. Эдгээр нь ойролцоогоор 130 мянган өрх бөгөөд ХАХНХЯ-ны судалгаанаас харахад мөн 60 гаруй  хувь нь эмзэг бүлэгт харьяалагддаг юм байна.

Өөрөөр хэлбэл, орон сууцны зээлийн нөхцөлд хараахан хүрэхгүй орлоготой, жилийн найман хувийн хүүтэй зээлийг төлөх чадвар хомс. Тиймээс “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг боловсруулахыг Эдийн засгийн хөгжлийн яаманд даалгасан ч өнөөдрийг хүртэл судалгааны ажил ч эхлүүлээгүй байгаа.

Хамгийн гол нь ШӨХТГ, “Нээлттэй нийгэм форум”-аас хийсэн судалгаагаар 2012 оны гурваас долоодугаар сард орон сууцны үнэ 32-47 хувиар өссөн нь “100 мянган айлын  орон сууц” хөтөлбөрийн дуулиантай холбоотой байжээ.

Өнөөгийн байдлаар орон сууцны үнэ ямар байгааг сонирхвол. М.кв нь 1.5 саяас доош үнэ бүхий байр нийт орон сууцны дөнгөж 19.2 хувийг эзэлж байгаа бөгөөд үлдсэн нь түүнээс дээш ханштай болсон байна. Үүнийг өнгөрсөн оны 11, 12, болон энэ оны нэг, хоёр дугаар сарынхтай харьцуулахад 50-70 мянган төгрөгөөр өссөн үнэ. Тэгэхээр дулаан орж байр, орон сууцны үнэ буурах ёстой байтал өссөн нь хэрэгжиж эхлээгүй байгаа хөтөлбөрийн дуулиан биш байгаасай.

Түүнээс гадна шинэ орон сууцны дийлэнх нь Хан-Уул болон Баянзүрх дүүрэгт баригдаж байгаагаас харвал гэр хороололд газар чөлөөлөх ажил төдийлөн урагшлахгүй байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн “Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын зураг төсөл, төлөвлөгөө гарсан. Одоо тендерт шалгарсан компаниуд хэсэгчилсэн газруудад ажиллаж эхлээд байна. Гэхдээ нэг бэрхшээл байгаа нь иргэд газраа чөлөөлөхдөө хойрго хандаж, ажилд ихээхэн саад учруулах болсон” гэсэн юм. Тэгэхээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд гэр хорооллын газрыг чөлөөлнө гэсэн нь бага зэрэг сунжирч, гол найдвар Яармаг, Нисэх орчмын газарт чиглэх болжээ.

Д.Амар

  .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ