Алт, мөнгөн медальтай жүдочид маань ирж явна
Парисын Их дуулга өчигдөр үлдсэн жингийн барилдаанууд явагдаж дууссанаар өндөрлөлөө. Манай жүдочид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон энэ гранприд бас ч үгүй алт мөнгөн медаль эх орондоо авчирч байна.
Нийт 75 орны 472 жүдочид оролцсоноос Монгол Улс эрэгтэй 11, эмэгтэй 7 жүдочноо Парисын татамид илгээсэн ньзохион байгуулагч Франц болон жүдогийн эх орон Япон, ОХУ-ын дараа дөрөвт бичигдэх бүрэлдэхүүн байлаа.
Тэмцээний дүн гарахад япончууд 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл медальтайгаар Парисын Их дуулгыг амжилтаараа тэргүүллээ. Харин манай жүдочид 1 алт, 1 мөнгөн медальтай зургадугаар байрт ОХУ-ын өмнө бичигджээ.
2013 оны “Бөртэ чоно”-ын эзэн дэлхийн аварга М.Уранцэцэг маань жиндээ яах аргагүй тэргүүлэгч гэдгээ харуулж алтан медалийн төлөө татамид гарч чадсан. Харамсалтай нь Японы жүдоч Эми Ямагишид вазари үнэлгээгээр ялагдсан боловч мөнгөн медаль чамлахааргүй том амжилт.
60 кг-д гарч барилдсан ОУХМ Г.Болдбаатар маань харин өрсөлдөгч нараа дараалан ялсаар гүржийн бөхтэй алтан медалийн төлөө таарч барилдан илт давуугаар алтан медалийн болзол хангасан.
Бусад жүдочдын хувьд эхний өдөр -52-т барилдсан М.Бундмаа дагах барилдаанд оросын жүдочид ялагдсанаар шагналт байранд орсон бол энэ жинд зодоглосон өөр нэг жүдоч болох Ч.Аззаяа хэсгийн хоёр дахь барилдаандаа Финландын жүдочид ялагдсанаар тэмцээнийг өндөрлүүллээ.
-57 кг-д манай жүдоч Д.Сумьяа эхний барилдаандаа ялагдсанаар тэмцээнийг орхисон бол -63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг хоёр дахь барилдаандаа мөн ялагдаж тэмцээнийг өндөрлөв.
Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, -73-т Х.Цагаанбаатар, Г.Одбаяр нар өрсөлдөж харамсалтай нь бүгд учраа бөхчүүддээ ялагдсан.
Өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -81 кг-д ОУХМ Г.Түвшинжаргал Марокко, Ливаны жүдочдыг ялж Германы жүдочид ялагдсан бол эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд Х.Цогтгэрэл Кот Дивуарын жүдочийг ялсан ч хоёр дахь барилдаандаа Японы жүдочид, -100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний барилдаандаа хийлж хоёр дахь дээрээ нутгийн жүдочид, +100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр, П.Бүрэнтөгс нар эхний барилдаандаа ялсан боловч хоёр дахь барилдаандаа тус тус ялагдсанаар тэмцээнийг өндөрлүүлсэн.
Харин эмэгтэйчүүдээс +78 кг-д эхний барилдаандаа хийлж, хоёр дахь барилдаандаа Германы жүдочийг ялж хэсгийн аваргын төлөө Францын жүдочид ялагдаж шагналт байранд орсон юм.
Ийнхүү манай жүдочид Парисын Их дуулгад оролцоод нутаг буцлаа.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ