Автобусны үнэ нэмэх асуудлыг хойшлуулахыг хүсэв
Нийслэлийн тээврийн газар Нийслэлчүүдийн зорчих эрхийг хүндэтгэн тарифд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хойшлуулахыг хүслээ. Өнөөдөр ТОАҮЭХ-оос автобусны үнийн тарифыг 500 төгрөг болгох тухай мэдээлэл хийсэн билээ. Нийслэлийн Тээврийн газраас ТОАҮЭХ-ний тэргүүн Ц.Пүрэвсамбуу, гүйцэтгэх захирал Ц.Дамдинсүрэн нарыг хүлээн авч уулзан тарифд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулахыг хүссэн албан бичиг хүлээлгэн өглөө. Уг албан бичигт: “Та бүхнээс ирүүлсэн үнэ тарифийн талаарх хүсэлт, холбогдох санхүүгийн тооцоотой танилцаж нийслэлийн удирдлагад хүргүүлээд байгаа билээ. Монголын уламжлалт Сар шинийн баяр удахгүй болох гэж буйтай холбогдуулан сая гаруй хүн амтай нийслэлчүүдийн эрхийг хүндэтгэн, мөн төр захиргааны удирдлагад асуудлыг шийдвэрлэх хугацаа өгөх шаардлагатай байгаа тул тарифийн үнийг 500 болгохыг 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулахыг хүсч байна. Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат, тусгай үйлчилгээ тул та бүхнээс тавьсан асуудлыг шат, шатанд нь уламжилж шийдүүлэхийн төлөө ажиллах болно.” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ