“Үнэгүй өгсөн уутыг зарна гэдэг байж боломгүй”
Ногоон өнгөтэй, 80*45см-ийн хэмжээтэй, нүүрэн талдаа “Хоггүй Улаанбаатар-Азийн цагаан дагина”, “Хогоо бүү ил хаяарай”, “Хогоо зориулалтын уутанд хийж хуваарьт газраа байрлуулна уу” гэсэн бичигтэй хогны уутыг сар бүр айлуудад тараагаад хэдэн сар болж байна. Тэгвэл эл хогны уутыг бизнес болгон ашиглаж байгаа иргэд байгаа гэнэ.
Тодруулбал "Хогны уутыг зарим иргэд зарж, борлуулж байгаа. Улсаас үнэгүй өгч байгаа зүйлийг зарж болж байгаа юм уу гэж асуухад надад өгсөн зүйлийг би яаж ч ашигласан болно шүү дээ гэж байсан. Ширхэгийг нь 250-1000 төгрөгөөр Хархорин зах дээр зарж байсан. Мөн зарим нэг дэлгүүрүүдэд хогны уутыг борлуулж байгаа" хэмээн СХД-ийн иргэн ярьсан юм.
Мөн гэр хорооллын зарим айл болон орон сууцныхан одоо болтол ганц ч хогны уутны бараа хагаагүй гэх гомдол хэлж буй юм. Энэ талаар Нийслэлийн тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригүнаас тодруулав.
-Хогны уут тараах ажил хэр хүртээмжтэй явагдаж байгаа вэ. Зарим айл одоо хүртэл нэг ч хогны уут аваагүй гэж байна?
-Бүх айлуудад тарааж байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сарын нэгний өдрөөс эхэлж тарааж эхэлсэн. Хогны уут авч чадахгүй байгаа нь зарим хороод, СӨХ-үүд ажлын байран дээрээс ирж ав гэсэн зохион байгуулалтад орсонтой холбоотой. Тэгээд ийм зохион байгуулалтад орсон хэрнээ хогны уутаа ирж ав гэсэн мэдээллийн хорооныхоо иргэдэд өгөхгүй, мэдээлэл хүртээмжгүй байгаагаас ийм байдал үүсч байгаа. Энэ байдалд манайхаас анхаарч, дүүрэг хороодод чиглэл өгч ажиллаж байна.
-Хороо, СӨХ-дөө очиход хогны уутаа авч болох нь ээ?
-Болно.
-Тэгвэл зарим иргэд авсан хогны уутаа зарж байна гэсэн мэдээлэл байна?
-Ийм зүйл байх боломжгүй л дээ. Үнэгүй тарааж байгаа шүү дээ. Зарж байгаа нь хэрэгцээгүй гээд, авч байгаа нь өөр ямар нэг зүйлд ашиглахаар авч байж болох юм. Тэр уут гаднаа хог хаягдалт зориулагдсан гэсэн хаяг шошготой байгаа. Тиймээс үнэгүй хогны уутыг худалдаж авах тохиолдол гарахгүй байх гэж бодож байна. Сар бүр нэг айлд 15 уут үнэгүй өгсөөр байтал зарж байна гэдэг нь хувь хүний ухамсрын асуудал байх л даа.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ