Микронууд цагаан сарын "нэмэгдэл" авах ёстой юуюу

Сар шинэ дөхөж байгаа энэ үед өнөөх хэдэн нийтийн тээврийн жижиг оврын автобус буюу микронууд цагаан сарын нэмэгдэл гээд үнээ 1000 төгрөг болгож нэмсэн талаар иргэд ярих болов. Ялангуяа "Зүүнсалаа-100 айл-КТМС"-ийн чиглэлийн шугамын явдаг жижиг оврын автобуснууд өмнө нь 18.00 цагаас хойш 700 төгрөгөөр үйлчилдэг байсан бол хэд хоногийн өмнөөс 1000 төгрөг болгож, үнээ нэмсэн гэнэ. Зам зуур Зурагт, Баянхошуунд буух хүнээс ч мөн адил 1000 төгрөг хураасан нь зорчигчдын хувьд бухимдахаас аргагүй үйлдэл болжээ. Тэгвэл бид Дамбаас "Нарантуул" чиглэлд явдаг микро автобусны жолоочоос үнээ яагаад нэмсэнийг тодруулахад "Цагаан сарын нэмэгдэл" хэмээн хариулсан. Өмнө нь энэ чиглэлд явдаг микро автобуснууд 600 төгрөгөөр явдаг байсан ч 1000 болж үнээ өсгөөд байгаа аж.

Ингээд энэ асуудлаар Тээврийн газрын олон нийттэй харилцах ажилтан М.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Микро автобуснууд цагаан сарын нэмэгдэл нэрээр үнээ нэмсэн байна гэсэн мэдээлэл манайд ирлээ?

-Манай санал гомдлын утас гээд 326352 гээд утас руу хэзээ, хаана үнээ нэмсэн асуудал үүссэн бэ гэдгийг мэдэгдээд улсын дугаар, маршрут, хэдэн цагийн үед хаашаа явж байсан, юунаас болж ийм асуудал гарав гэдгийг мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр мэргэжилтэнд санал гомдол нь албан ёсоор очоод, тухайн тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь шүүгээд манайд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл үү, хулгайнх байна уу гэдгийг гаргаж ирнэ.

-Хэрвээ танайтай гэрээтэй микронууд үнээ нэмсэн байвал ямар арга хэмжээ авах вэ?

-Үнэхээр манай Тээврийн газартай гэрээ байгуулчихсан аж ахуй нэгждур зоргоороо үнээ нэмчихсэн байх юм бол гэрээний 6.3-д заасны дагуу Авто тээврийн хяналтын улсын байцаагч 50 мянган төгрөгийн торгууль ноогдуулдаг.Энэ гомдол олон удаа давтагдвал нийтийн тээврийн үйлчилгээнд явах гэрэг нь сунгахгүй байх арга хэмжээ авна.

-Нийслэлд нийт хэдэн микро үйлчилгээнд явдаг вэ?

-Буухий болон туслах чиглэлд микро автобуснууд үйлчилдэг. Туслах чиглэлд 16 аж ахуй нэгжийн 410 микро, буухиад 12 аж ахуй нэгжийн 479 микро үйлчилж байгаа.

-Буухиа гэдгийг тодруулаач?

-Нэг цэгээс нөгөө цэг рүү хурдан шуурхай иргэдийг хүргэх үйлчилгээ. Туслах чиглэл гэхээрээ том оврын автобус үйлчлэх боломжгүй газар луу явдаг үйлчилгээг хэлнэ.

-Хулгайн микрог цэгцлэх арга хэмжээ ерөөсөө хийгдэхгүй байх шиг ээ?

-Энэ асуудал байнын асуудал дагуулсаар байна. Үнэхээр таслан зогсоогдохгүй байгаа. Энэ нь иргэдээс өөрсдөөс нь болдог. Жишээ нь долоон буудлын эцсийн автобусны буудал дээр шалгалтаар очиход хулгайн микронууд маш их байсан. Тэгээд микронд байсан иргэдийг буулгаад бүртгэлтэй микрондоо суу гэхээр “Ямар микронд суух нь бидний дур” гэдэг. Ингээд үнэтэй хулгайн микронд суучихаад манайх руу утасдаад гомдол мэдүүлээд байдаг.

-Хулгайн болон танайтай гэрээтэй микрог яаж ялгах юм бэ?

-Манайтай гэрээтэй микронууд чиглэл маршрут, үнээ цонхон дээрээ наачихсан байгаа. Туслах, буухиа гэдгээ товчилсон үсгээр бичсэн байдаг. Хулгайнх бол тийм зүйл байхгүй.Манайхаас нийтийн тээврийн үйлчилгээнд явах шаардлага хангахгүй гээд акталсан тээврийн хэрэгслийг тухайн аж ахуй нэгж, хувь хүн нь өөр хүнд зарж, авсан хүн нь хулгайн тээвэр хийж эхэлдэг үзэгдэл их байгаа.

-Танайд бүртгэлтэй микронууд орой хэдэн цаг хүртэл иргэдэд үйлчлэх ёстой вэ?

-Өглөө 06:30-22:30 хүртэл явж байгаа. 22:30-аас хойш иргэд таксиндаа сууна уу, юундаа сууна уу хамаагүй. Манайхаас энэ цагуудын хооронд л иргэдэд үйлчилнэ. Гэтэл иргэд 22:30 цагаас хойш хулгайн микронд суучихаад манайх руу утасдаж гомдол мэдүүлээд байдаг. 20:30 цагаас хойш зорчих урсгал багасдаг учраас микронуудын тоо багасч эхэлдэг.

-Бүх микро найман цаг өнгөрөв үү үгүй юу 1000 төгрөгөөр үйлчилж байгаа. 22:30 цаг хүртэл 500 төгрөгөөр үйлчилж байгаа микро байхгүй юм биш үү?

-Ийм асуудал ярих гэж байгаа бол баримттай ярих хэрэгтэй. Яг аль чиглэлд , ямар улсын дугаартай, ямар жолоочтой микро үнээ нэмж явж байгаа талаар баримтаа аваад ирвэлманай авто тээврийн улсын байцаагч шалгана. Манайд бүртгэлтэй микронууд 22:30 цаг хүртэл 500 төгрөгөөр л үйлчилж байгаа. Бид саяхан хүртэл улаан дээр хараар 500 төгрөг гэж бичсэн наалт микронуудын хаалган дээр наасан.

-Тэгэхээр цагаан сарын нэмэгдэл гэж үнэ нэмэх үндэслэл байхгүй биз дээ?

-Байхгүй. Цагаан сарын маршрут гэж цагаан сарын амралтын өдрүүдэд11 чиглэлээс 22 тээврийн хэрэгсэл цаг тутамд буухиагаар үйлчилж байгаа. Мөн өнөө маргаашгүй сар шинийн өдрүүдэд үйлчлэх тээврийн хэрэгслийн үйлчилгээний төлөвлөлт гарна.

Албаны хүн ийн ярьж байгаа боловч бодит байдал дээр 22:30 цаг хүртэл 500 төгрөгөөр үйлчилдэг микро автобуснууд “нүдний гэм” шиг гэдгийг хүн бүр мэднэ. Бас хулгайн микро автобуснуудыг цэгцлэхэд иргэдийн 100 хувийн буруу байгаа гэж ярьж байна. Тэгвэл Энэ асуудлыг шийдэх гарцыг хайх хэрэгтэй биз. 22:30 цаг хүртэл л иргэдэд үйлчлээд, тэрнээс хойш иргэд таксиндаа сууна уу, юундаа сууна уу бидэнд хамаагүй гэхийн орондчиглэл чиглэлд шөнийн 00 цаг хүртэл үйлчилдэг хэдэн микро яагаад нэмээд гаргачихаж болохгүй гэж. Бүхэл бүтэн нэг улсын нийслэл хотод амьдарч байгаа иргэд бид 22:30 цагаас хойш гэрээсээ гарч болохгүй хэрэг үү. Орой 22:00 цаг өнгөрөөд лхөл хөдөлгөөнгүй болдог, иргэд нь унаа хүлээж автобусны буудал дээр хөлдүүс болтлоо зогсдог ийм улс манайхтай нийлээд тун цөөхөн л байх даа.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин