“Бодь”-ийн будлиан бусдыг бүү хохироогоосой
Өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн “Бодь” группийн удирдлагуудын дотоодын будлиан, задрал, мөчөөрхөл одоо ч үргэлжилж, өс хонзонгийн зангилаа нь улам чангарч, бие биеэ барьж идэхээс ч буцахааргүй ширүүн дайныг өөр хоорондоо эхлүүлчихээд байна. Үндэсний хөрөнгө оруулалттай, Монголдоо л том гэгдэн томорч, цагтаа цалгиж явсан энэ групп чухамдаа бут үсэрч, хэдэн хэсэг болон сарнисны учир энд л оршдог юм. Гэнэт л гол босс Л.Болд нь “Голомт” банкаа дампууруулах гэж байгаа хэмээн хэвлэл мэдээллээр нийтэд зарлаад зогсохгүй, Монгол банкинд хүртэл матаас хүргүүлсэн нь нийгмийг доргиож, найз, нөхдийн дунд үүссэн хагарал олонд ил болсон түүх хуучраагүй байна. Эргүүлээд “Голомт” банкны ТУЗ-ийн даргабанкир Д.Баясгалан хэвлэлийн бага хурал зарлан байж, Л.Болдтой цаашид хөл, ганзага нийлэхгүй болсноо тайлбарласан билээ.
Аж ахуйн нэгж, компаниуд салж, нийлж, дампуурч, сэхэж босож байдаг нь гайхаад байх үйл явдал биш, зах зээлийн өрсөлдөөн дунд байдаг ердийн үзэгдэл хэдий ч, “Бодь”-ийн бутралыг үүнтэй адилтгаж боломгүй.Учир нь банк, санхүүгийн салбарт голлосон бизнес дээр тэд оршин тогтнодог байсан юм. Үнэн хэрэгтээ “Голомт” бол Л.Болд, Д.Баясгалан, М.Зоригт нарын хөрөнгө дээр боссон банк биш.
Энд хэдэн зуун мянган ард, иргэдийн хадгаламж, татвар төлөгчдийн мөнгө, ах ахуй нэгжүүдийн хөрөнгө баршин, санхүүгийнгүйлгээ хийж байдаг газар. Иймээс хэдэн хүний хувийн таарамжгүй харилцаанаас үүдсэн гоморхол, өсөрхөлийн золиосонд тус банкаар үйлчлүүлэгч олон хохирч яавч болохгүй байлаа. Банк, санхүүгийн байгууллагын талаарх мэдээг бодит байдлаас хэтрүүлэн дэгстүүлэх нь хамгийн аюултай байдаг. Тухайн хариуцлагагүй ганц үг, өгүүлбэр хэдхэн хормын дотор байсан банкийг хүртэл дампууруулж болно. Уршиг нь ард иргэдээд илүү хорлонтой буудгийн жишээг Сэргээн босголт, Шинэчлэл, Ард банкны дампуурал, амьсгал давчдуулсан операцуудаасмэдэх болсон ард түмэн билээ бид. Гэтэл эдүгээ Гадаад харилцааны сайдаар ажиллаж буй Л.Болд “Бодь” группээсээ шахагдсаныхаа хариуг Д.Баясгалан нараас ямар ч үнээр хамаагүй авахыг хүссэндээ тийн мэдэгдсэн хэмээн өрсөлдөгчийнх нь зүгээс нэг бус удаа тайлбар өгч байж нэг юм “Голомт” банк дампуурчихалгүй дэнжигнэн тогтсон биш үү. Өнгөрсөн явдал мартагдах нь уу хэмээтэл өс хонзон үргэлжилсээр..
Ямар ч цагт амин хувиа хичээсэн, ашиг, сонирхолын хүслээ нэгд тавьдаг Л.Болдоос өөр хүнийг би мэдэхгүй ээ хэмээн түүнийг нэгэн цагийн нөхөд явсан дайснууд нь тодорхойлсон байна билээ. Хэн нэгэн хүмүүсийн хоорондын хэрүүл бусдад нөлөөлөөд эхэлбэл тун ч тусгүй. Ойрын үед Л.Болдыг эргэн тойрох дуулиан шуугиан түүний өмнө нь ажиллаж байсан ажил, алба, хамт олон руу нь чиглэх болжээ. Тэрбээр Батлан хамгаалахын сайдаар дөрвөн ажилласан нэгэн. Тодруулбал, 2008-2012 оны тавпдугаар сар хүртэл.Энэ салбарт түүний хийсэн шинэчлэл бий хэдий ч алгын чинээ цагааныг дуслынтөдий толбо харлуулдагийн жишээ олноор сөхөгдөх болсон. Түүний үед Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын хооронд үүссэн толхилцоон өдийг хүртэл үргэлжилж байгаа гэх. Үнэн худлыг мэдэх юм алга. Гэхдээ Монгол Улсын нэр хүнд төдийгүй, Батлан хамгаалах салбарын үнэ цэнийг унагаасан хууль бус зэвсгийн наймаа, тендер тойрсон будлиан Л.Болдыг сайд байхад нь гарсан маргашгүй үнэн билээ.
Хөрөнгөжсөн хурандаа, генералууд түүний сайдаар ажилласан дөрвөн жилд нэн олширсон гэдэг. Л.Болд бол хэвлэл мэдээллийн ач холбогдлыг хамгийн түрүүнд ухаж, өөртөө зөв пиар хийлгэж чадсан сийрэг нэгэн хэмээн хэвлэлийнхэн дунд яригддаг нь ч үнэн. “Гадаад хэргийн сайд болох нь миний олон жилийн мөрөөдөл байлаа. Би дипломат албыг толгойлмоор байна” хэмээн илэн далангуй зарлан байж тэрбээр санасандаа хүрсэн. Гэтэл “Бодь”-н хагарал байдлыг өөрчилж орхилоо. Энэ хагарлаас хойш Л.Болд явсан газар балагтай хэмээх хэллэг хүртэл бий болж. Номын, номхон царайлсан сайдын цаана ямар гээч“ новшийн ” үйл явдал өрнөж байсан юм вэ?
Байлдааны сөнөөгч онгоцны хөдөлгүүрийг Хойд солонгосчуудад зарна гэж сая гаруй доллар хулхидсан хэрэгт үүний үед гарч. Дашдэлэг гэдэг генерал нь одоо ял сонсоод сууж байгаа. Саяхан Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны хэд хэдэн ажилтнуудыг АТГ-аас саатуулан шалгалаа. Бүгд л Л.Болдын ойр дотнынхон байлаа тэд. Тухайн үе Батлан хамгаалахын ажилтнуудад зориулсан 300 айлын орон сууц барих тендерийг Л.Болдын дэмжлэгээр УИХ-ын гишүүн асан“ молекул ”Б.Батбаярын хүү Б.Баттулга гэдэг нөхөр аваад 10 шахам тэрбум төгрөгийг Батлан хамгаалах яамнаас завшчихсан тухай “Өнөөдөр” сонинд тодорхой баримт дурдан бичсэн байсан. Мөн Өвөрхангай аймаг дахь аялал, жуулчлалын баазаа Б.Батбаяр нь ч юм уу, хүү нь ч юм уу бас л бодит үнэлгээнээс нь дөрөв дахин их үнээр Батлан хамгаалах яаманд шахчихсан тухай яриа байдаг. Л.Болд сайд тэр болгоныг мэдэхгүй гэдэг юм билээ. Мэдэггүй ч байж болох л юм. Тэгвэл мань хүн Батлан хамгаалахын сайдын албыг зүгээр л дөрвөн жилийн турш “халтуурдсан” байж таарах нь тийм үү. Түүнийг сайд байхад нь офицер, генералууд нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байж. Чухам түүний үед задгайрсан тендер олголт эдүгээ цэгцлэгдэн журамд орсон гэдгийг Батлан хамгаалах яамны захын офицер дуртайяа ярихыг сонслоо. Энэ бүхний эцэст Л.Болд сайдыг муулахыг зорьсонгүй гэдгээ өчих байна. Гагцхүү “Бодь” группийг тойрсон будлиан, маргаан тогооноосоо хальж, төр, түмнийг үймүүлж болзошгүйг сэрэмжлүүлэхэд зорилго чиглэсэн болой.
Энэ бүх болоод өнгөрсөн баривчилгаа, саатуулалт Л.Болд, Д.Баясгалан, М. Зоригт нарын зөрчил улам гүнзгийрснийг нотлож байх шиг байна. “Бодь”-н будлиан бие биенийхээ булхайг цаашид улам уудлах боломжийг бий болгох биз. Нэгэн цагт хүзүү, сээр холбоотой, хармаа, халаас нэг явсан эрхмүүдийн толхилцоо бусдыг л бүү хохироогоосой билээ.
Эх сурвалж: Үндэсний мэдээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ