"SBL Хасын Хүлэгүүд" 150:91-ээр ялалт байгуулав
Өнгөрсөн баасан гаригт Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2013-2014 оны улирлын тоглолтууд үргэлжлэн явагдаж, "Хас" банк болон олон улсын тээвэр жуулчлалын "SB Logistics" компанийн "SBL Хасын Хүлэгүүд" баг шинэ оны эхний тоглолтоо "Мон Торх" багийн эсрэг хийлээ.
Тус тоглолтын өмнөөс л үзэгчид "Мон Торх" багийн шинэ легионер тоглогчтойгоо хэрхэн тоглох бол гэсэн хүлээлттэй байлаа. Гэвч Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн, А.Бямбадорж, Хорс Бондыг үндсэн бүрэлдэхүүндээ илгээсэн "SBL Хасын Хүлэгүүд" тоглолтын санаачлагыг авч өөрсдийн бүрэн давамгайлал дор тоглолтыг удирдсан юм. Эхний хагаст Т.Санчир 20 оноо, Б.Билгүүн 17 оноо авч багаа тэргүүлж 66:49 харьцаатайгаар тэргүүлж өндөрлүүлсэн. Хоёрдугаар хагаст ч мөн адил тэд онооны давуу байдлаа улам ахиулсаар гуравдугаар үед 100 онооны босгыг давжээ.
Улмаар тоглолтын эцсийн дүнд тэд 150:91 харьцаатайгаар "Мон Торх" багийг бут ниргэлээ. Өнөөдрийн тоглолтонд энэ улирлын шилдэг залуу тоглогч болон амжилт нь ахисан тоглогчын шагналд гол нэр дэвшигч А.Бямбадорж 40 оноо авч хувийн дээд амжилтаа шинэчилсэн байна. Түүнд Т.Санчир 33 оноогоор тусалсан бол багийнхан гол довтолгооны эх үүсвэр О.Сэргэлэн 28 оноо, долоон самбар, 16 оновчтой дамжуулалтаар багаа хангажээ. Тэрбээр энэ улиралд хоёр ч трипл-дабль гүйцэтгээд байсан бөгөөд гурав дахиа хийхэд тун ойртсон юм.
Түүний багаас энэ өдөр талбайд гарсан бүх тоглогчид багийнхаа хожилд оноогоор хувь нэмрээ оруулсан бол АНУ-ын легионер Хорс Бонд 12 оноо, 18 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн байна. "SBL Хасын Хүлэгүүд" энэ өдөр багаараа нийт довтолгооноо 56%-тай гүйцэтгэсэн нь улирлын дээд үзүүлэлт болсон байна. Тэднээс өөр энэ улиралд 50%-тай довтолсон баг хараахан гараагүй байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ