Тавантолгойн нүүрсний өртгийн 40 хувийг тээврийн зардал эзэлдэг

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаан дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар УУл уурхайн сайд Д.Ганхуяг мэдээлэл хийлээ. “Эрдэнэс Тавантолгой” компани 2013 оны эхний улирлын байдлаар нийт 2.7 сая тонн нүүрсийг БНХАУ-д экспортолжээ. Уул, уурхайн сайд Д.Ганхуяг мэдээлснээр Цанхийн зүүн уурхайгаас 2013 онд зургаан сая, 2014 онд 10 сая, 2015, 2016 онд 15 сая, 2017 он гэхэд жилд 20 сая тонн нүүрс олборлосноор төслийн хүчин чадалдаа хүрэх юм байна. Тус уурхайд өнгөрсөн оноос Австралийн “Сакмахон” компани гэрээт олборлогчоор ажиллаж байгаа аж. Харин 2013 онд Цанхийн зүүн уурхайн ордод “Хишиг арвин индустриаль” ХХК хөрс хуулалтын ажлыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлжээ.

Одоогоор өмнөд хөрш уруу экспортолж байгаа нүүрсний тээврийн зардал бүтээгдэхүүний өртгийн 40 орчим хувьд хүрсэн байна. Тиймээс Тавантолгойн ордоос олборлосон коксжих нүүрсийг гол хэрэглэгч болох Хятадаас гадна Япон, БНСУ-ын төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэхэд дэд бүтцийг бий болгох шаардлагатай болжээ. Засгийн газраас төмөр замын суурь бүтцийн эхний санхүүжилтэд шаардагдах 200 сая ам.доллар, Тавантолгойн уурхайг түшиглэн барих 450МВт-ын цахилгаан станцад шаардагдах 50 сая ам.долларын хөрөнгийг 2013 онд “Чингис” бондын эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлээд байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны санхүүжилтэд зориулж Голомт, “Худалдаа хөгжлийн банкнаас 131 сая ам.долларын зээл, БНХАУ-ын “Чалко трейдинг Хонконг лимитед” компаниас 350 сая ам.долларын зээлийг нүүрсний урьдчилгаа төлбөрийн хэлбэрээр авснаас 418 тэрбум төгрөгийг “Хүний хөгжил” санд төвлөрүүлсэн нь компани 2012 онд санхүүгийн хүндрэлд орох гол шалтгаан болсон талаар Д.Ганхуяг сайд мэдээлэв. Одоогийн байдлаар тус компани “Чалко трейдинг Хонконг лимитед” компанид 186 сая ам.доллар, Голомт банкинд 34 сая ам.доллар, туслан гүйцэтгэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд 37 сая ам.доллар, нийт 257 сая ам.долларын өртэй ажээ.

2012 онд нэг тонн нүүрсний олборлолтын зардал 25.3, тээвэрлэлтийн зардал 23.9, татварын зардал 7.2, санхүүгийн зардал 4.3, удирдлагын зардал 1.6, нийт 62.4 ам.доллар байжээ. Тэгвэл 2013 онд нийт зардлыг 5.3 ам.доллараар бууруулна гэж Д.Ганхуяг сайд хэлж байна.

 “Эрдэнэс Тавантолгой”ХК одоогоор зөвхөн нэг худалдан авагч буюу БНХАУ-ын “Чалко трейдинг Хонконг лимитед” компанид нүүрсээ борлуулж байгаа бөгөөд тус компанитай байгуулсан гэрээний дагуу 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж дуустал нүүрсээ 100 хувь уг компанид нийлүүлэх үүрэгтэй. Гэрээнд нэг тонн нүүрсний суурь үнийг 70 ам.доллараар тогтоож, борлуулах үнийг Хятадын дотоод үнийн дөрвөн индекст тулгуурлан улирал тутам шинэчлэн тогтоож байхаар тусгасан юм байна. Энэ аргачлалаар тогтоосон тонн нүүрсний үнэ өмнөх улиралд 53.6 ам.доллар, өнөөдрийн байдлаар 55.9 ам.доллар байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, худалдан авагчдын тоог нэмэгдүүлэх нэг хувилбар нь Цанхийн баруун хэсэгт олборлолтыг эхлүүлж, бүтээгдэхүүн борлуулах явдал гэж Д.Ганхуяг сайд гишүүдэд мэдээлсэн. Түүнчлэн төмөр зам, цахилгаан станцййн төслийн асуудлыг шийдсэний дараа оператор компанийн асуудлыг шийдвэрлэж улмаар дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ тогтвортой болж ирмэгц IPO хийх бэлтгэл хангах, гуравдагч зах зээлд нүүрсээ гаргах боломж бүрдэнэ гэж тэрбээр хэллээ. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн болон иргэдийн 1072 хувьцааны үнэ цэнэ нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.

Дээрх үндсэн зорилтоос гадна компанийн өртөг зардлыг бууруулахын тулд зарим арга хэмжээг авахаар төлөвлөжээ. Нүүрс тээвэрлэх автозамын түрээсийн үнийг багасгаснаар тонн нүүрсний тээврийн зардлыг 2-2.5 ам.доллараар, уурхай дээр гүний гааль байгуулж, тээвэр, ложистикийн зардлыг та орчим хувиар бууруулах боломжтой юм байна. Төмөр зам ашиглалтад орвол тээврийн зардал 60 хувиар буурах юм байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ