Б.Мөнгөнзул өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хагас сар үргэлжилж дүнгээ гаргалаа.Манай улсаас Монголын шатрын холбоо Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 39 тамирчин, 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо.Тэмцээн 8 хүртэлх нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас гэсэн зургаан насны 12 ангилалд 107 улсын 1800 гаруй бяцхан шатарчид өрсөлдсөн юм.
Стандарт буюу сонгодог төрлийн найм хүртэлх насны охидын ангилалд 117 шатарчин өрсөлдсөнөөс “Хангарьд” спорт клубын тамирчин Б. Мөнгөнзул мөнгөн медаль хүртлээ.
Тоглолт эхэлсэн цагаас хошуулчилж явсан тэрээр есөн оноотой болж хоёрдугаар байрт оржээ. Тэрээр “Хангарьд” спорт клубт ОУМ Н.Баттулга удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг юм.
Өмнө 2001, 2005 онуудад ОУМ Б.Мөнгөнтуул хүрэл, мөнгө, 2010 онд ФМЭ Д.Номин-Эрдэнэ алт, 2011 онд ОУМЭ А.Энхтуул хүрэл медаль хүртэж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ