Оюунгэрэлийн аварсан дэлхий 1 нас хүрлээ

Өрнөдийн борчуудын хэрэглэдэг будаг шунх зарж хөлжсөн "Орифлэйм"-ийн гэх тодотголтой Г.Оюунгэрэл гэгч "Бид 26000 жилд ганц тохиодог үйл явдлыг харах гэж байна" хэмээсээр жилийн өмнөх яг энэ өдрийг онцлон зааж билээ.

Харамсалтай нь монголчууд бид түүний галзуу хүний гэмээр ярианд нь XXI зууны иргэдийн оюун ухаан, итгэл үнэмшлээ умартан шалгагдсан юм.

Алтан бумбын эрин эхэлнэ, тэнгэрээс Чингисийн хөх малгайтай цэргүүд бууж ирж дэлхийд нэг л төрийг тогтооно, бүх өндөр барилгууд, кранууд баруун тийшээгээ ханарч унана, гурван өдөр харанхуй болно лаа шүдэнзээ бэлд гээд нэг л өглөө UBS телевизийн "Цай юу кофе юу" нэвтрүүлгээр бурж өгсөн дөө.

Тэр нэвтрүүлгийн хөтлөгч нар ч түүний яриаг улам дэвэргэж бид яаж амьд үлдэх тухай, юу хийх хэрэгтэй тухай лавлан асууж олны сэтгэлийг үймрүүлсэн нь эгээ л бурхнаар бөөлжиж, шинэ бичиг үсэг зохиосон сэтгэцийн эмгэгтэй бүсгүйг бишрэнгүй сурвалжилсан хэдтэй яг адилхан гэмээр. Хошин шогоо, шог.

Ингээд нийгмээрээ үймэрч, аргаа барсан Гандангийн лам нар хүртэл хурал хурдаг дацангаа хэвлэлийн бага хурлын танхимаар солин байж дэлхий сөнөхтэй холбоотой няцаалт ч юм шиг таамаглал ч юм шиг бөөрөнхий юм ярьж билээ. Үнэндээ цаанаа лам нар хүртэл нээрээ энэ Оюунгэрэл бармын үг үнэн байх вий гэсэн айдастай байсан нь ч илт.

Миний таних нэг өрхийн тэргүүн лам хүртэл 21-нийг дөхүүлж лаа, шүдэнз ихээр бэлдэж явснаа бусдаас ихэд нууцалж нэлээн сүүлд ярьж билээ. ШУА-ийнхан Оюунгэрэлийн дэгдээсэн мунхруулгад ард иргэдээ автуулахгүйн тулд хуйгаараа хөдөлж телевиз бүрийн дэлгэцээр одон орон, түүх баримт, НАСА-гийн мэдээллүүдийг хүртэл дурдаад ард түмэн тайвшралыг эс олсон юм.

Гэр, лаа, шүдэнз борлуулагчдад л Оюунгэрэл буян болсон юм. Магадгүй Орифлэймийн бараа худалдан авбал Алтан бумбын эринд аюул осолгүй орно шүү хэмээн айлдсан бол авчихаар л цаг үе байлаа.

Оюунгэрэлийг 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсныг хүмүүс санаж байгаа бизээ. Тэрээр ид олны анхааралд өртөж өөрийгөө бурхнаар цоллох нь холгүй явах үедээ юу ярьсаныг та сонссон уу.

“Би ер нь хааяадаа нэг иймэрхүү олныг хамарсан аюулаас авран хамгаалах ажлыг төр засгийн хэмжээнд зохион байгуулах гэж лУИХ-ын гишүүнд нэр дэвшсэн юм. Н.Энхбаярыг би бясалгагч гэж сонсоод очиж уулзаж учраа ололцоод нэр дэвшсэн“ хэмээн ярьж явсан даа. Одоо бодохнээ еээ ямар азаар МАХН-аас З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нартай хөтлөлцөөд төрд гарчихаагүй юм дээ гэж залбирмаар.

УИХ-ын гишүүд хүртэл тэр өдөр хотоос зайдуухан хаузаа бараадсан нь нууц биш. Зуслан явах замаар түгжрэл үүсэж, хүмүүс аль болох эзгүй тал бараадаж, битүүхэн айдастай зарим нь ажлаа хийсэн болсоор, харин өнөөх ёрын харанхуй нөмрөх нь байтугай тог ч тасраагүй юм.

Зүгээр л нэг сэтгэцдээ юмтай, аманцар авгайн мунхруулгад бүхэл бүтэн улсаараа автаж, төртэйгөө иргэдтэйгээ маллуулсандаа хүн болгон Оюунгэрэлийг зүхэж эхэлсэн. Үнэндээ Оюунгэрэлийг баривчилж, ял тулгая гэж хашгиралдахаас илүүтэй шашны мухар сүсгээс ч дор юманд итгэж л явдаг өөрөөсөө эхлээд бурууг хайх нь зүйтэй болов уу.

Тэр авгай 21-нийг дөхөх тусам үнэхээр сүйрэл болж, олон хүн үрэгдэхийг хүсэж суусан болов уу, аль эсхүл худал үгээ яаж залруулахаа бодож суусан уу гэдгийг ямар ч сурвалжлагч дараа нь түүнээс асуугаагүй юм. Харин Оюунгэрэл бараг л миний сайнд хорвоо дэлхий үлдлээ дээ гэх нь холгүй ярьж явсан гэх.

Ямар ч байсан дээр хөхрөгч цэлийдгээрээ цэлийж, алтан наран манддагаараа мандаж, Оюунгэрэлийн аварч гийгүүлсэн дэлхий нэг жилийнхээ ойд хүрч өнөөдрийн сайхан өдөртэй учран золгож байна.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин