“SBL Хасын Хүлэгүүд” МҮСБХ-г уучлал гуйхгүй бол тоглохгүй гэв

“SBL Хасын Хүлэгүүд Клуб”-ийн “SBL Хасын Хүлэгүүд” баг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд МҮСБХ-ны удирдлагуудыг шүүхэд өгнө хэмээлээ. Учир нь тамирчид төдийгүй дасгалжуулагчийг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ор үндэслэлгүй гүтгэн доромжилж буйд гайхаж байгаагаа дуулгахын ялдамд энэхүү хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан албан бичгээ багийн тамирчид нэгдэн МҮСБХ-ны удирдлагуудад хүргүүлж байна. Энэхүү бусармаг үйлдлээс болж, “SBL Хасын Хүлэгүүд” гүйцэтгэх захирал О.Баярцогт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ ивээн тэтгэгч байгууллагууддаа хүргүүлэзд байгаа аж.

Тиймээс МҮСБХ-ны удирдлагууд энэ мэт хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө “SBL Хасын Хүлэгүүд Клуб”-ээс болон багийн дасгалжуулагч Баярцогтоос олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уйчлалт гуйхыг шаардаж байна. Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол бид тэмцээнийг цаашид үргэлжлүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байгаагаа илэрхийлээ.

“SBL Хасын Хүлэгүүд Клуб”-ийн “SBL Хасын Хүлэгүүд” баг нь МҮСБХ-ны “Үндэсний Супер Лиг”-ийн шинэ улирлын тоглолтод оролцох хүсэл сонирхлоороо нэгдэн наймдугаар сарын 1 -нээс эхлэн бэлтгэл сургуулилалтаа базааж ирсэн билээ.

Их спорт тэр дундаа сагсан бөмбөгийн спорт гэдэг хэн нэгэн хүний өөрийн хувийн эрх ашиг амбийцад тулгуурладаг, бусдын хүсэлтийг огтхон ч бодолцож үзэлгүйгээр өөрсдийн ашиг сонирхолд зориулан дүрэм баталж тохуурхдаг спорт биш гэдгийг дуулгалаа.

Мөн МҮСБХ-ны зүгээс тус багийн гишүүд болох Т.Санчир, Б.Батжавхлан нарыг шинэ гарсан дүрэм журмын дагуу тоглуулах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Энэ тухай шалтгаанаа МҮСБХ-ны зүгээс “Шинэ гаргасан дүрмээр бол тамирчид нэг багтай гэрээ байгуулсан бол гурван жил тэндээсээ хөдлөх эрх байхгүй. Гэтэл танай багийн тамирчин Т.Санчир өмнөх жил “Баянзүрх буллс” багт тоглож байсан. Иймээс шинэ гаргасан дүрмээр Т.Санчир нь “SBL Хасын Хүлэгүүд” бус “Баянзүрх буллс”-т тоглох ёстой” байсан учраас тоглуулах боломжгүй гэсэн тайлбарыг хэлсэн гэнэ.

Тиймээс МҮСБХ-ноос гаргасан энэ шийдвэрийг тус багийн тамирчид төдийгүй сагсан бөмбөгийн хорхойтнууд гайхан хүлээж авч байгаагаа хэлсэн юм. Яагаад гэвэл МҮСБХ-ноос гаргасан энэ шийдвэр нэгдүгээрт хүний эрхийг маш ноцтой зөрчсөн байна.

“Өнөөдөр ардчилсан нийгэмд хувь хүн хүссэн үедээ тоглох, багаа сонгож бас гарах эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуульд хүртэл энэ тухай тодорхой зааж хэн нэгнийг, нас, хэл, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах эрхгүй гээд заачихсан байгаа. Гэтэл МҮСБХ-ноос гаргасан шинэ дүрэм гээч нь хүний эрхэд бүдүүлгээр халдаж, тэр ч бүү хэл тамирчдын явах суух, тоглох тоглохгүй эрхэнд хүртэл хөндлөнгөөс санаатайгаар халдаж байгаад бидний зүгээс гайхаж, харамсаж байна. Хоёрдугаарт МҮСБХ-ны удирдлагууд энэ шийдвэрийг гаргахдаа зарим нэг зүйлийг сайн ойлгож, ухаарч судлаагүй бололтой. Учир нь манай багийн тамирчин Т.Санчир нь өмнө нь тоглож байсан “Баянзүрх Буллс” багтайгаа байгуулсан тогтсон гэрээ, гарын үсгээр баталгаажуулсан хууль эрх зүйн акт огт байхгүй. Тэгээд ч өнөөдөр “Баянзүрх Буллс” гэдэг баг байхгүй тарсан бөгөөд энэ багт байсан дасгалжуулагч зарим тамирчин нэгдэн өөр ивээн тэтгэчтэй болж “Аравтууд” нэрээр лигт тоглож байна.” хэмээсэн.

Мөн хэрэв МҮСБХ-ны удирдлагууд бүгд цуглараад, хуралдаад ийм шийдвэр гаргасан юм бол энэ тухайгаа лиг эхлэхээс 1-2 сарын өмнө ядаж 14 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Энэ бол МҮСБХ-ны үүрэг. Гэтэл гэв гэнэт ийм дүрэм зохиож, багийн тамирчид төдийгүй сагсан бөмбөгийн спортыг сонирхогчдыг гайхшруулсан шийдвэр гаргасан нь хачирхалтай байна. Үүнийг манай багийн баг тамирчид бүгд эсэргүүцэж, энэ дүрэм гээчээ дахин эргэж харж, хүний эрхэд энэ мэт бүдүүлэг байдлаар хандсан, хууль эрх зүйн үндэслэл муутай шийдвэрээ дахин боловсруулж чадна гэдэгт найдаж байна гэсэн юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин