Ц.Тодбаяр: Бүртгэлгүй буугаар амь насыг нь хөнөөсөн
{!!!right!!!}Нийслэлийн цагдаагийн газраас Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх болон алдагдсан, нуугдмал галт зэвсгийг бүртгэх зорилгоор өнгөрөгч аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15- ныг хүртэл бүтэн сарын хугацаанд галт зэвсгийн тооллогыг явуулсан.
Энэ талаар Хэв журам хамгаалах газрын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын зөвшөөрөл хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ц.Тодбаяраас тодрууллаа.
-Сүүлийн үед галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг их гарах болж. Үүнд ялангуяа томоохон албан тушаалтнуудын хүүхэд холбогдож байна?
-Галт зэвсэгтээ холбоотой гэмт хэрэг их гарч байгаа нь үнэн. Он гарсаар зөвхөн галт зэвсэгтэй холбоотой 20 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн. Гэхдээ хэрэглэсэн, ашигласан буу нь бүртгэлтэй, бүртгэлгүй янз бүр байна.
-Налайхт буун дуу гарч, нэг хүний амь нас эрсэдсэн. Тухайн буу бүртгэлтэй байсан уу?
-Налайхт гарсан гэмт хэрэг ямар ч бүртгэлгүй буугаар залуугийн амь насыг хөнөөсөн болох нь тогтоогдсон. Иймээс цагдаагийн байгууллагаас бүртгэлгүй галт зэвсгийг бүртгэлжүүлэх чиглэлээр бүтэн cap ажиллалаа. Улмаар бүртгэлгүй 90 орчим галт зэвсгийг бүртгэлжүүлсэн. Харин нуугдмал байсан 70 гаруй галт зэвсгийг хураан авсан.
-Иргэн, аж ахуйн нэгж галт зэвсэг эзэмшихийн тулд танайхаас зөвшөөрөл авдаг. Гэтэл бүртгэлгүй галт зэвсгийг иргэд хаанаас, яаж олж аваад байна?
-Иргэдийн гарт үе уламжилж ирсэн бүртгэлгүй галт зэвсэг олон байна. Мөн галт зэвсгийг хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол ч гарсаар байна. Бид галт зэвсгийн тооллогыг бүтэн сарын хугацаанд явууллаа. Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 12450 ширхэг галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд ан агнах, харуул хамгаалалт, спорт, цуглуулгын зориулалтаар эзэмшиж байна. Үүний 87 хувь нь тоологдсон. Үлдсэн 13 хувь нь огт тоологдоогүй байна.
-Шалтгаан нь?
-Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд тухайн хаяг дээрээ байхгүй эсвэл гадаад явчихсан зэргээс болж тоологдоогүй тохиолдол олон гарсан.
-Галт зэвсгээ бүртгүүлж, тоолуулаагүй иргэдэд ямар хариуцлага тооцох вэ?
-Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд зааснаар галт зэвсгээ тоолуулаагүй хуулийн этгээдэд захиргааны арга хэмжээ авдаг. Тэдэнд энэ л жишгээр мөнгөн торгууль ноогдуулна. Тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас галт зэвсгээ тоолуулаагүй бол нөхөн тоолж болно. Харин өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж тоолуулаагүй бол захиргааны хариуцлага тооцно.
-Иргэдийг олон нийтийн газар явахдаа галт зэвсэг авч явахыг зөвшөөрдөг үү?
-Галт зэвсэг эзэмшигч хуулийн этгээд галт зэвсгээ авч явахдаа гэрчилгээ болон зориулалтын саванд нь хийж авч явах ёстой. Гэхдээ бид жижиг буу эзэмшихийг зөвшөөрдөггүй.
-Ямар шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид галт зэвсэг эзэмших эрх нээлттэй вэ?
-Гэмт хэрэгт холбогдоогүй, сэтгэцийн хувьд эрүүл, 18 нас хүрсэн байх ёстой.
-Ингэхэд өдөрт дунджаар хэчнээн иргэн галт зэвсэг эзэмших хүсэлт ирүүлдэг вэ?
-Галт зэвсэг худалдаалах тендерт «Монгол ав» компани шалгарсан. Тухайн компанид худалдагдаж байгаа бууг л бидний зөвшөөрөлтэй олгоно. Хуулиараа хориглоогүй 100 гаруй төрлийн галт зэвсгийг иргэдэд эзэмшүүлдэг. Харин байлдааны зориулалттай галт зэвсгийг эзэмшихийг шууд хориглоно. Хэрэв ийм галт зэвсэг хадгалсан, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцогдоно.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ