Ш.Сайхансамбуу: Маш хүчтэй дуу чимээ гурван удаа сонсогдсон байна лээ
-ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ДЭГДЭЭХЭЙ ШИГ ХАЙРЦГАНД ХИЙЧИХСЭН АВЧ ИРЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ-
УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутайярилцлаа.
-"Нарантуул" худалдааны төв шатсанаас хойш нэлээд хугацаа өнгөрчихлөө. Галын шалтгааныг тогтоогоогүй л байна уу?
-Гал гарснаас хойш хоёр сар болчихлоо. Гал юунаас болж гарсан тухай дүгнэлт гараагүй. Цагдаа хүчнийхэн, онцгойгийнхонтой хамтарч ажиллаж байх шиг байна. Бидний зүгээс хэлдэг үгээ хэлсэн. Гал өглөө үүрээр гарсан байдаг. Тэр үед захын түрэзслэгчид түрүүчээсээ ирчихсэн байсан юм. Тиймээс олон гэрчтэй л дээ.
-Таны хувьд гал хаанаас гарсан гэж үзэж байгаа вэ?
-Гаднаас л тавьсан. Өмнө нь манай захад гурван ч удаа гал гарч байсан юм. Цахилгаан хэрэгсэл, газаас болж байлаа. Үүний нэгээс бусдыг нь бид өөрсдөө унтрааж байлаа. Нэг удаагийнх нь галыг унтраах гэж гал команд дуудсан байдаг. Гэтэл сая гардаг гал ахуйн чанартай галаас тэс өөр байсан. Өөрсдөө унтраах ямар ч боломжгүй. 130 метрийн урттай, 70 метрийн өндөртэйтиймтомпавильон Улаанбаатар хотод манайхаас өөр газар байгаагүй шүү дээ. Тэгтэл энэ Том битүү байшин ердөө 18 минутын дотор л шатчихсан. Хэрэв цахилгаан хэрэгслээс болж гал гарсан бол ийм хурдан хугацаанд том байшинг шатаачихгүй шүү дээ. Бага дээр нь унтраачихна биз дээ. Шинжээчид ажиллаж байна. Дүгнэлтийг үнэн мөнөөр нь гаргах байлгүй. Сүүлд аравдугаар цайны газрын орчмоос ака бууны гурван ширхэг сумны хонгио олдсон. Цэнхэр дээврийг зад буудаад дээшээ гарчихсан байсан.
-Дээвэр рүү нь буудсан гэж үү?
-Үгүй ээ. Дээврийг ямар нэгэн юм цөмлөөд дээшээ буудсан ором байгаа юм.
-Тэр нь юу юм бол. Газ дэлбэрсэн юм биш үү?
-Газ тэгж дэлбэрэхгүй л дээ. Юу юм мэдэхгүй. Дээвэрт 20 гаруй см-ийн диаметрийн хэмжээтэй нүхнуүд гарсан байсан. Ийм асуудал байгаа учраас галын дүгнэлт удаж байгаа болов уу. Түүнээс биш зүгээр нэг цахилгааны холболтоос болж гал гарсан бол дүгнэлт гаргах гэж ингэж удахгүй шүү дээ. Тэгээд ч цахилгааны холболтын саатал үүрээр гарахгүй. Захын ажилчид орой нь бүх зүйлээ унтрааж, щалгадаг. Гал гарах вий гэхээс үхтлээ айдаг хүмүүс шүү дээ, бид. Тиймдээ ч орой бүх зүйлээ шалгаж, дотор нь хоёр манаач үлдээхээс өөр яах юм. Галын дүгнэлт яаж гарахыг хүлээгээд байна. Хэрэв хүүхэд нохойн доог шиг хөгийн дүгнэлт гарах юм бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана. Монголын борчуудын цуглаж, амьдралаа залгуулдаг ганц захыг шатаачихаад байхад яагаад ҮАБЗ авч хэлэлцдэггүй юм. Хамгийн олон ажлын байрыг манайх л бий болгож байна. "Эрдэнэт" үйлдвэр зургаан мянган ажлын байртай юм гэсэн. Манайх түүнээс их шүү дээ.
-Гаднаас гал тавьсан юм бол хэн байж таарах уу?
-Мэдэхгүй. Цагдаа нар тогтоох байлгүй.
-Өглөө 05.00 цагт зах дээр ирж, гал гарахад байсан түрээслэгчид юу гэж ярьж байх юм?
-Манай нэг түрээслэгч дотогшоо нэг үхрийн гуя оруулж тавьчихаад машинаасаа дахиад мах авах гээд гарч ирэх үед нь маш хүчтэй дуу чимээ гурван удаа сонсогдсон байна лээ. Тэр дуунаар буцаад гүйгээд очтол дотор бөөн утаа униар болчихсон гал асч байсан гэж байгаа.
-Галгарах үед өөр ямар хүмүүс байсан юм бол?
-Манай хоёр манаач байсан. Тэднээс цагдаагийнхан мэдүүлэг авч байгаа.
-Тэд юу гэж байх юм?
-Бид ямар мөрдөн байцаагч биш. Тэднээс цагдаагийнхан мэдүүлэг авч байгаа.
-Та гал гарсныг хэдэн цагт мэдсэн бэ?
-Өглөө 07.00 цагийн үед манайхан утасдаж хэлсэн.
-Гал гарах үеэр дотор нэгэмэгтэй нас барчихсан. Тэр ямар хүн байсан юм бэ?
-Цэвэрлэгч байсан. Ямар ч зөвшөөрөлгүйгээр өөрөө сайн дураараа зах дотор хоносон байна лээ. Тэр хүнийг яах гэж хонуулснаа хоёр манаач хэлнэ биз. Уг нь зах дотор хүн хонуулах хориотой шүү дээ. Бид юун төлөө тэр манаачдад цалин өгөөд хариуцлага үүрүүлээд ажиллуулж байгаа билээ. Захад яагаад хүн хонуулсан, гал юунаас болж гарсныг хэлэх байлгүй.
-Танай компани болоод түрээслэгчид хичнээн хэмжээний хохирол амсав аа?
-Бид найм орчим тэрбум төгрөгийн хохирол амсаж байна. Шатсан балгасыг нь буулгаад, хог новшийг нь цэвэрлэж байна. Үүнд зарцуулж байгаа мөнгөний тоо талийж байна. Дээрээс нь захын орлого багасч байна. Улсад өгдөг татвар ч татарч байна. Түрээслэгчид ч хохирсон. Захаас юмаа цуглуулдаг байсан иргэд ч хохирлоо.
-Та ч хохирлоо... !
-Тийм. Намайг хохирсон гэдэг утгаар нь бодохгүй буруутгах л юм олох гээд байх юм. Би уг нь энэ хүмүүсийг ажлын байраар хангаж, Монголд байхгүй бага түрээс авч байгаа шүү дээ. Өдрийн 2000 төгрөгийн түрээс төлдөг хүн ч байна. Өдөрт 2000 төгрөгийн наймаа хийхгүй хүн гэж юу байхав дээ. Адаглаад нэг гутал зарсан ч 5000 төгрөг олдог юм байгаа биз дээ. Хамгийн дээд талын түрээс төлдөг хүн л гэхэд 300 мянган төгрөг өгч байгаа. Тийм учраас Нарантуул захын бараа, бүтээгдэхүүн хямд байна. Бусад худалдааны газрууд эндээс л бараагаа авч, үнэ нэмээд худалддаг. Хэрэв Нарантуулын түрээс нэмэгдээд, барааны үнэ нь өсвөл дагаад Монголд юмны үнэ өсч таарна. Ийм зүйл болгохгүйн үүднээс өчнөөн жил бага түрээсээр хүмүүсийг ажлын байраар хангаад ирлээ. Үүнийг манай томчууд тоож үзэхгүй юм. Нарантуул муухай, заваан л гээд байхаас өөрөөр ойшоодоггүй. Ганц ярьдаг зүйл нь хотоос гаргаж зайлуулна гэдэг. Аль ч хотын дарга ингэж хэлдэг. Тэгж ярих юм бол тэр дуракуудыг юу ч үгүй явах үед нь би Монголд бүтээн байгуулалт өрнүүлж байсан юм. Зах хязгаар зэлүүд, хог новшиндоо дарагдчихсан газрыг цэвэрлэж, ийм том зах барьсан хүн шүү.
-Түрээслэгчид дааж давшгүй их хохирол нэхэж байгаа гэх юм. Нэг уруулын будгийг найман мянган төгрөгөөр үнэлсэн ч гэх шиг?
-Тийм зүйл байхгүй ээ. Намайг түрээслэгчидтэй муудалцуулах зорилгоор яс хаяж байгаа байх. Лав бидэнтэй хийсэн гэрээ, манайд гаргаж өгсөн зүйлээс нь харахад тийм зүйл байхгүй. Тэгээд ч олон түрээслэгчийн бэлэн мөнрө шаталгүй гарч ирсэн шүү дза. Гал таазнаас гарсан учраас доошоо хүмүүсийн барааг хуу хамж шатаагүй л дээ. Түрээслэгчид хохирлын хэмжээгээ тоггоогоод цагдаад аваачиж өгсөн, Манайтай хийсэн гэрээнүүд нь ч бий. Энэ бүхнийг харьцуулж байж хохирлын хэмжээг бодитоор тогтоох байх.
-Түрээслэгчид даатгалгүй байсан юм уу?
-Жил болгон даатгуулдаг байсан юм. Гэтэл өнгөрсөн тавдугаар сард даатгал нь дуусчихсан байсныг манай хариуцлагагүй нөхдүүд мэдээгүй учраас сунгуулаагүй юм билээ. Тэгэхээр Нарантуул шатсан нь цэвэр компанийн хохирол болоод хувирчихаж байгаа юм. Олон жил даатгал төлсний хэрэг ч гарсангүй. Манай хариуцлагагүй нөхдүүдээс л болсон хойно одоо юу ярихав дээ.
-Шатсан захын оронд шинэ байшин босгох уу. Дээрээс нь түрээслэгчдийн хохирлыг барагдуулж таарах нь ээ?
-Тэгнэ. Түрээслэгчидтэйгээ хоёр удаа уулзсан. Тэд "Бидний ажлын байрыг л буцаагаад босгоод өг" гэж байна лээ. Би тэгье гэсэн. Арга ч үгүй юм. Хохироод үлдсэн гурав, дөрвөн зуун хүнийг ажлын байраар хангах хүн надаас өөр байх биш. Тэдний найдаж харж байгаа цорын ганц хүн нь би л байна. Өнөөдрийн байдлаар шатсан газрын хогийг нь зайлуулахад 300 гаруй сая төгрөг зарцуулчихаад байна. Тэр балгасыг буулгана. Оронд нь шинэ зах барина. Тэгэхээр хичнээн төгрөг гарах юм.
-Өнгөрсөн зун "Нарантуул"-ын замтай холбоотой маргаан дэгдээд байсан. Үүний дараахан зах шатчихсан шүү?
-Тэгсэн. Түрээслэгчдийн машин тавьдаг талбай дундуур нийтийн зам тавина гэсэн юм. Үүнд хэн дуртай байх билээ. Сүүлийн үед хараад байхад бүх зүйлийг хүчээр хийнэ гэдэг болжээ. Энэ нь араасаа юу ч дагуулж мэднэ шүү. Хүний хийсэн бүтээснийг шууд буулгана хураана гэх юм. ТҮЦ-үүдийг ч буулгана гзж байна. Амьдрах гэж, ядаж яваа хүмүүсийн хоолтой нь ярьж яана. Маш олон бизнес эрхлэгчдийн дургүйг хүргэсэн юм хийж байна шүү манай хот.
-Нарантуул захыг Б.Наранхүү шатаачихлаа гэдэг яриа гарчихсан байсан.
-Хүмүүс янз бүрээр л ярьдаг шуү дээ. Би Б.Наранхүүг танина. Надад гайгүй л байдаг. Сайханаа ахаа гээд баяр ёслолоор мэндчилгээ ирүүлж байдаг юм. Олон жил ноцолдож байж тэнд нэг худалдааны төв босгоно лээ. Тэр бол манай борчуудын захаас нэлээд дээгүүр бэл бэнчинтэй худалдаа хийдэг хүмүүст зориулсан газар байна лээ.
-Тэгэхээр зах зээлээ булаацалдахгүй гэж үү?
-Булаацалдахгүй ээ. Тэртэй тэргүй эхний нэг, хоёр жил хүн цуглатлаа уддаг юм. Манайхтай, манайхгүй хоёр жилийн дараа Б.Наранхүүгийн зах хүнээр дүүрдэг болно. Тэр үед энэ олон замбараагүй хүмүүсийг цэгцлэх гэж бидэнтэй адилхан зовно доо. Зах ажиллуулна гэдэг тийм амар юм биш.
-Нарантуул захыг та анх яаж байгуулж байсан юм бэ?
-1995 онд төсөл шалгаруулалт дуудлага худалдаагаар орж, 49 сая төгрөгөөр худалдаж авч байлаа. Тэр үеийн 49 сая төгрөг гэдэг бол хүн болгонд байдаг мөнгө биш. Дэнжийн мянгын зах Улаанбаатар хотын хувьд асуудал болчихсон байсан үе л дээ. Айлуудын дунд оршуулгатай газар байдаг. Хүн мащин нь багтаж шингэхээ байчихсан үнэхээр хэцүү нөхцөлтэй байлаа. Тиймээс хотын захиргаанд өргөдөл өгч, шинэ зах барих газрын зөвшөөрлийг нь авсан. Тэр үед газрын алба байгаагүй. Хотын ерөнхий архитектор зураг төслийг нь үзээд гарын үсэг зураад болчихдог байсан. Тэр үед барилга барьдаг газар ч цөөн байсан. Би ганцаараа үзэж тарсаар байгаад 1999 онд дуусгасан шүү дээ.
-Газрын хэмжээ нь хэд билээ?
-26 га байх аа. Тэр үед хотын дарга Ж.Наранцацралт, Ерөнхий сайд М.Энхсайхан байсан. Тэд миний ажлыгдэмжээд "Ээ дээ наад захаа богино хугацаанд бариарай" гэдэг л байлаа.
-Та цэвэр өөрийнхөө хөрөнгөөр босгосон уу?
-Тийм. Улсаас сохор зоос ч аваагүй. Германы банкнаас зээл авсан юм. Улсаас хийж өгсөн зүйл нь гэвэл Зүүн дөрвөн замаас урагшаа явдаг зам. Дараа нь Нарны замыг тавьж өгсөн. Нарантуул гэдэг худалдааны төв баригдлаа. Хотын дарга нь ч Наранцацралт гэдэг нэртэй. Зам барьж байгаа хүмүүс Их Наран улс буюу япончууд юм гэдэг утгаараа Нарны зам гэж нэрлэсэн түүхтэй шүү дээ.
-Нарантуул захыг босгоход хичнээн төгрөг зарцуулсан бэ?
-Таван сая ам.доллараар энэ захыг босгосон. Зээлээр барьсан шүү дээ. Захаа анх байгуулахдаа хотын дарга болоод Ерөнхий сайдтай "15 жилийн хугацаанд задгай чигээрээ байг. Түүнээс цааш өөрчлөгдөх байлгүй" гэж ярьж,тохиролцож байлаа.
-Германы банкнаас яаж зээл авч байв?
-Дэнжийн мянгын захыг үзүүлээд "Манайд захын асуудал хүнд байна. Тиймээс ийм шинэ газар том зах барих гэсэн юм" гээд л авчихсан. Хүмүүс ирж үзээд туслахаар шийдэж, гурван жилийн хугацаатай зээл өгсөн.
-Хүү нь ямар байхав. Хугацаандаа төлж чадсан уу?
-Зээлээ төлөх гэж удсан. Зургаан жил гаруйн хугацаанд төлж барагдуулсан даа. Есөн хувийн хүүтэй зээл авч байлаа. Тэгж л энэ захыг барьсан юм. Ингэж Дэнжийн мянгын зах түүх болон үлдэж байв аа. Харамсалтай нь 13 жилийнхээ ой дээр Нарантуул зах маань шатчихлаа.
-Нарантуул захын газрыг та ямар хэлбэрээр эзэмшдэг юм бэ?
-60 жилээр эзэмших эрхтэй. Гэхдээ эзэмших эрхээ тав, таван жилээр сунгадаг юм. Таван жил болоод хотын удирдлагуудад долигонож байж сунгана шүү дээ. Уг нь бол 60 жилийн эзэмших эрхтэй хүн тэгж баймааргүй л байгаа юм. Өөрсдөдөө долигонуулж, татаас татах гээд тийм журам гаргачихсан байхгүй юу.
-Нарантуул захын асуудал ийм байж, Танай намаар сонин юу байна вэ?
-Нийслэлийн намын хорооныдэд дарга болсноос хойш үүрүүдээр нэлээд явлаа. Манай намын гишүүд болоод дэмжигчид их гомдолтой байна. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш манай нам тувт ялагдсан байна. Гишүүд үүнийг намын удирдлагуудтай холбож, тэднийг шүүмжилдэг юм билээ. Энэ намыг олон жил удирдсан, намын нэрээр байнга дарга болж явсан, газрын наймаа, хээл хахуульд холбогддог нөхдүүдийг болиоч ээ гэдэг юм билээ. Одоо залуучуудыг гаргаж ирвэл яасан юм гэж ярьдаг юм байна. Гишүүдийн хэлж байгаа шүүмжлэлийг сонин хэвлэлээр дамжуулж, нэр устай нь зөндөө хэлсэн. Тийм болохоор энэ хууччуул надад их дургүй байдаг гэнэ лээ.
-Та намын Их хуралдаа төлөөлөгчөөр сонгогдов уу?
-Тийм үүрээс Их хурлын төлөөлөгчөөр сонгогдлоо шүү гэж хэлж байгаа юм л алга.
-Та өөрөө гүйхгүй бол тэд сонгохгүй байх аа?
-Нийслэлийн намын хорооны дэд дарга хүн чинь өөрөө гүйгээд байх нь хаашаа юм. Намын ажлыг нь сайжруулах гэж өчнөөн л хөрөнгө зарж байна. Намайг намаа, удирдлагуудаа шүүмжиллээ гээд уурлаад байдаг юм уу. Өнгөрсөн жил гэхэд л УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэлгүй бас унагасан. Намын Их хуралд суух төлөөлөгчдийг хайрцаглаж байна л гэсэн. Үүр болгоноос дэгдээхэй шиг хайрцганд хийчихээд аваад ирж байгаа юм биш үү.
-Намын даргын төлөөх тулаан ширүүхэн л болж байх шигбайна...
-Өө харин тийм. Бие биетэйгээ сонин хэвлэлээр баахан байлдах шиг боллоо. Ингэж байснаа албан тушаал хуваах болохоороо жигтэйхэн найзууд болчихдог юм. Гэхдээ манай намын даргаар төрийн албан тушаалаар лаахайдаж, хөрөнгөжсөн, наанаа улс орон, ард түмнээ гэдэг баг зүүчихээд, цаанаа өөр юм ярьж суудаг хуучин нөхдүүд битгий болоосой. Нэрлээд ч төвөг. Өөртөө хонзон болгохын нэмэр юм. Залуучуудыг гаргаж ирээсэй. Аюурсайхан гээд сайхан залуу байна. Манай Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Д.Хаянхярваа байна, Н.Энхболд байна. Элдэв муу цол чимэггүй энэ хүмүүс даруухан учраас дээш нь гаргахгүй
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ