Шилдэг илтгэл хоёр сая төгрөгийн шагнал хүртэв
Энэ долоо хоног Хөдөлмөрийн яамаар амьсгалах нь бололтой. Өнөөдөр “Ажилтай, орлоготой монгол хүн” онол практикийн бага хурал болж байна. Тус хуралд 10 гаруй хүн хөдөлмөр эрхлэлтийн талаар илтгэл тавьж, шилмэл 10 шүүгч тэдгээрээс шилдгийг нь шалгаруулав. Нэгдүгээр байрт “Хувийн хэвшил дэх цалин хөлсний системийг боловсронгуй болгох боломж, арга зам” илтгэл орсон бол “Аутсорсийн хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэх боломж” илтгэл дараалж, тус бүр өргөмжлөл, хоёр сая төгрөгийн шагнал хүртлээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав шагнал гардуулж, үг хэлэв. Тэрээр шинэчлэлийн Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Өмнөх жилүүдэд ид хөдөлмөрийн насны залуусынхаа тал хувийг гадаадад ажиллах хүч болгон илгээж, оронд нь ялангуяа барилгын салбарт ажиллагсдын 25 хувийг Хятадаас оруулж ирж байна гэсэн шүүмжлэл ихээхэн гарч байсан. Энэ байдлыг халахын тулд МСҮТ-үүдэд мэргэжилтэй ажилчин бэлтгэж, тэднийг тогтвортой ажлын байраар хангаж, хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилгүйчүүдэд зуучлах болсноор хөдөлмөр эрхлэлтийн байдал сайжирч байна. Манай яам цаашид энэ асуудлыг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэхийн тулд Хөдөлмөр судалгааны институт байгуулан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн зах зээлийн асуудлаар онолын болон судалгаа, шинжилгээ хийж, мэдээлэл, бодлогын зөвлөмжөөр хангах, хөдөлмөрийн салбарын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллан үр дүнд хүрч байна. Өнөөдрийн илтгэл тавьж хэлэлцүүлж буй хүмүүсийн хүч хөдөлмөрийг ч бид зохих ёсоор үнэлж, мөнгөн шагналын хэмжээг тогтоосон юм гэв.
Нөгөөдөр тус яамнаас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах ба 27-ны баасан гаригт Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний чуулган болно.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ