Үүрэн телефон хэрэглэгчдийн тоо жилд 10-50 хувиар тогтмол өсчээ

Монгол Улсын харилцаа холбооны салбарт үүрэн телефоны үйлчилгээ хамгийн гол цөмийг бүрдүүлж байна. Тодруулбал өнөөгийн байдлаар харилцаа холбооны салбарын 70 хувийг үүрэн телефон холбооны орлого эзэлж байгаа юм. Өнгөрсөн 2004 онд буюу ойролцоогоор арван жилийн өмнө 441 мянган үүрэн телефон хэрэглэгч бүртгэгдэж байсан бол хэрэглэгчдийн тоо жилд 10-50 хувиар тогтмол өсч, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар давхардсан тоогоор гурван сая 524 мянган хэрэглэгчтэй болжээ. Энэхүү үзүүлэлт нь жилийн өмнөхтэй харьцуулахад, 124.7 мянган хэрэглэгчээр нэмэгдсэн дүн аж. Харин ярианы үнэ хэрэглэгчийн тооноос урвуу харьцаатай байгаа бөгөөд 2008 онд нэг минутын яриа дунджаар 110 төгрөг байсан бол 2011 оноос хойш 58 төгрөг болж буурчээ. Харилцаа холбооны салбарын сүүлийн арван жилийн статистикийн үндсэн үзүүлэлтийг харахад, улс хоорондын яриа жилд дунджаар дөрвөн хувиар, хот хоорондын яриа 15 хувиар харин хотын доторхи яриа 20 хувиар буурсан байна. Энэ нь суурин утасны ярианы ачаалал үүрэн холбоо руу шилжиж буйг харуулж байгаа юм. Үүнээс гадна интернэт, кабелийн телевизийн хэрэглэгчдийн тоо сүүлийн таван жил тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2009 оны үед интернэтийн нэг гарцтай хүчин чадал секундэд 3.7 гегабайт байсан бол 2013 оны байдлаар интернэтийн зургаан гарцтай болж, хүчин чадал нь 30 гегабайт хүрчээ. Өөрөөр хэлбэл 2009 онтой харьцуулахад арав дахин нэмэгдсэн хурдаар олон улстай холбогдож байгаа юм.

www.bloomberg.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ