“Техникийн захуудын газрыг ариутгасны дараа орон сууц барина” гэв
Нийслэлийн хүн амын нягтрал болоод замын түгжрэлийг багасгах үүднээс техникийн томоохон захуудыг нүүлгэх тухай нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөг гарган НИТХ-аар батлуулсан байгаа.
Энэхүү төвлөрсөн нэг газарт техникийн худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлэх үүднээс Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны ойролцоох 70 га талбай газар олгосон аж. Тиймээс энэ дагуу сурвалжилсан юм.
Техникийн захуудыг нүүлгэн, шилжүүлэхтэй холбогдуулж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тухайн захуудын удирлагуудаас санал авч эхлээд байгаа гэнэ. Түүнчлэн энэхүү техникийн томоохон төвийг байгуулах ажлыг иргэдийн 90 гаруй хувь нь дэмжиж буй аж. Захуудын түрээслэгчдээс ажлын талаар тодруулахад “Том, жижиг гэлтгүй бүх захуудыг хотын зах руу гаргавал зүгээр байх.
Харин томоохон захуудыг нь гаргачихаад, жижиг худалдааны төвүүдийг нь хэвээр байлгавал үнэхээр хүндрэл үүсэж болзошгүй. Учир нь тэр болгон хүмүүс хол явж худалдаа хийх боломжгүй байх” гэж хэлж байлаа. Санал авах ажил энэ долоо хоногт эцсийн байдлаар гарах гэнэ. Нөгөөтэйгүүр нийслэлийн Захирагчийн албанаас захуудын зохион байгуулалтыг аль аль талдаа ашигтай хийх нь зүйтэй. Ингэснээр бид ажлаа түргэн хугацаанд найдвартай хийх үндэслэл болно” хэмээн хэлсэн.
Хотын захиргаанаас ийнхүү төвлөрсөн техникийн захыг байгуулахад газрыг нь цементээр хучих, дэд бүтцийгнь шийдэхээс эхлэн үйлчилгээ явуулах хүртэлх бүхий л боломжоор хангах юм байна. Түүнчлэн энэ нь бизнес эрхлэгчдэд олгож буй давуу эрх хэмээн ойлгож болох аж. Нийслэлийн хэмжээнд техникийн худалдаа эрхэлдэг нийт 300 гаруй байгууллага байдаг.
Харин үүнээс 100 гаруй аж ахуй, нэгж нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн хуучин техникийн зах байрлаж байсан эдгээр газарт нийслэлийн Захирагчийн албанаас гаргасан шийдвэрийн дагуу орон сууц барихаар болж байгаа юм байна.
Н.Гантөмөр: ТҮРЭЭСЛЭГЧДЭДХАРИН Ч АШИГТАЙ БОЛОХ НЬ
Техникийн захуудыг нүүлгэн шилжүүлэх ажлын талаар нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрөөс зарим зүйлийг тодруулсан юм.
-Хуучин зах байсан газруудад орон сууц барина гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Нүүлгэн шилжүүлэхээр болоод буй техникийн захууд хөрсний хувьд их бохирдолтой байгаа. Тиймээс энд орон сууцны зориулалттай барилга барихын тулд эхний ээлжинд холбогдох байгууллагууд нь ариутгалын ажлыг хийх юм.
-Шинээр техникийн төвлөрсөн зах бий болговол замын түгжрэл багасна гэсэн. Үнэхээр замын түгжрэл багасах бүрэн боломж бий болов уу?
-Холбогдох албаныхан урьдчилсан тоо гаргасан байгаа. Уг ажлыг хэрэгжүүлж эхлэхэд үр дүн нь гарах болно. Түүнчлэн нийслэлийн иргэдийн амгалан тайван орчинд байх, аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэрийг гаргаж батлуулсан.
-Төвлөрсөн зах байгуулахаар болсон газартай ойролцоо авто машины худалдааны томоохон төв байдаг. Үүнийг ч гэсэн төвлөрсөн захад нэгтгэх юм уу?
-Тийм. Мөн “Да хүрээ” зах гэхэд л нийт дөрөв гаруй га талбайг эзэлдэг. “Өгөөмөр” захын хувьд ч энэ хавьцаа талбайтай. Ингээд үзэхээр нийслэлийн хэмжээнд техникийн захууд арав хүрэхгүй га талбайг эзэлдэг гэсэн үг. Тиймээс шинээр төвлөрсөн зах байгуулах нь түрээслэгчдэд харин ч илүү ашигтай болох нь.
С.Даланжаргал: ЗУРАГ ТӨСӨЛ ДУУССАНЫ ДАРАА ШИЛЖҮҮЛЭХ ХУГАЦАА ТОДОРХОЙ БОЛНО
Төвлөрсөн томоохон худалдааны төв байгуулах урьдчилсан төлөвлөгөөг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хийж байгаа аж. Энэ талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын ахлах мэргэжилтэн С.Даланжаргалаас тодруулсан юм.
-Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас техникийн захуудыг нүүлгэхтэй холбоотой урьдчилсан төлөвлөгөөг хийж байгаа гэсэн. Энэхүү ажлын явц хэр байна вэ?
-Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд авто машин худалдаалах аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байгаа. Ингэж импортоор орж ирж байгаатай холбоотой нэг жилд дунжаар 45 мянган машин манайд орж ирж байгаа юм. Төвлөрсөн захыг шинээр байгуулах талбайн 64 га талбайг авто зогсоол эзэлнэ. Уг авто зогсоолыг ангилах юм.
Тухайлбал жийп машин, хүнд даацын машины гэх мэт.Харин барилгажилт 12 га талбай, авто машины зам 11 га талбайг эзлэх юм. Энэ зам нь долоон метрийн өргөнтэй байна. Мөн 23.7 километр явган хүний зам, усан байгууламж гурван га талбай газар байх юм. Мөн энд томоохон “Экспо” төвийг байгуулахаар төлөвлөсөн.
-Энэ захуудад нийт хэчнээн түрээслэгч байдаг юм бол?
-Авто машин, авто машины сэлбэг худалдаалдаг “Да хүрээ”, “Дизель хүрээ”, “Цахлай”, “Сутай буянт” зэрэг нийт найман техникийн зах бий. Тус захуудаас гадна сэлбэгийн худалдаа хийдэг жижиг худалдааны төвүүд байгаа. Дээрх захуудыг бүгдийг нь авч үзвэл нийт 25 гаруй га талбай байна. Түрээслэгч нь найман мянга гаруй хүн байна. Харин үйлчлүүлэгчдийн хувьд өдөрт дунджаар 5-6 мянган хүн үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий.
-Нүүлгэн шилжүүлэх ажлыг хэзээнээс хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Ерөнхий төлөвлөлт хийчихсэн. Ирэх өвлөөс эхлэн зураг төслийн ажлыг хийхээр болсон. Үүнээс улбаалан яг хэзээнээс нүүлгэн шилжүүлэх нь тодорхой болох юм. Нүүлгэх газартай хо-тын удирдлагууд танилцсан байгаа. Түүнчлэн зах байгуулах газар одоогийн байдлаар цөөн тооны айлууд бий. Гэхдээ дээрх айлуудын тухайд нөхөн олговор өгөх талаар ярилцсан байгаа. Бусдаар энд ямар нэгэн асуудал байхгүй. Нөгөөтэйгүүр тэнд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох албаныхан судалгаа хийж байна.
-Техникийн захыг нэгтгэвэл том, жижиг гэлтгүй нэгтгэх хэрэгтэй. Ганц томоохон захуудыг нүүлгэнэ гэвэл хүмүүс тэр бүр үйлчлүүлэхгүй гэж байсан. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-Ернь техникийн зах нь хотын төвдөө байх ёсгүй гэдэг гадаадын орнуудын жишигбайдаг. Тэгээд ч төвлөрсөн зах нь хотоос хол биш. Хотын төв цэгээс 18 километр гаруй зайтай оршдог. Хоёрдугаарт хүссэн, хүсээгүй жижиг худалдааны төвүүдийг нүүлгэх юм. Учир нь тэнд томоохон худалдааны цэг байрлана. Түүнчлэн экспо худалдаа болно. Иймээс зах зээл нь бүгд тэндээ байрлана. Энэ ч үүднээс жижиг худалдааны төвүүдийн оршин тогтнох нөхцөл нь хүндрэлтэй болох юм.
Тэрбээр ийн ярив. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас техникийн захуудыг шилжүүлэх талаар яригдаж байгаа. Үүнээс гадна томоохон худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх тухай асуудал яригдаад байгаа. Тус ажлын тухайд тодорхой шат дараалалтай ажлын төлөвлөгөө одоогийн байдлаар гараагүй байна. Нийслэлийн Захирагчийн албанаас эхний ээлжинд техникийн захуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийх гэнэ. Түүнчлэн шинээр байгуулах төвлөрсөн захын хажууханд Хүй долоон худаг, Сонсголонгийн салааны зөрлөгөөс 22-ын товчоо хүртэлх дөрвөн километр хүрэхгүй газар бий.
Энэ нь иргэдэд нэг талын заавал хотын төвд ачаагаа буулгах, гаалийн шалганаар оруулах зэрэг шаардлагагүй. Уг газартаа ачаагаа буулган, гаалийн бүрдүүлэлтээ хийх бүрэн боломжтой болох гэнэ.
Т.Болорцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ