“Шилмэл мал”-д 12 удаа ихэрлэсэн хонь онцгойров

Хүйтэн салхи үлээн хацар жиндүүлэн, үе үехэн бороо дусалсан намрын нэгэн амралтын өдөр монголчуудын хийморио сэргээж, хурдан хөлгийн тоосоо өргөдөг Хүй долоон худгийн наадмын талбай хүн, машины хөлд дарагдсан байлаа. Тэнд хоёр жижигхэн тайз засаж, өнгийн шаараар чимэглэсэн харагдана. Нэгнийх нь ард “Шилмэл мал” гэсэн бичигтэй самбар байрлуулсан байв. Харин нөгөө нь “Шилдэг ноход” гэсэн хаяг өлгөжээ. Жил бүр уламжлал болон зохиогддог “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд явуулдаг гойд үржил шимт малын үзэсгэлэн худалдаа байв.

Хэнтий аймгийн ингэ, буур, ботго. Буур, ингэ нь тэмээний төрөлд түрүүлсэн

Тус арга хэмжээг Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй малыг эрүүлжүүлэн, ашиг шим, үржлийн чанарыг дээшлүүлж, удмыг нь сайжруулан, хамгаалах үүрэг бүхий Мал эмнэлэг үржлийн алба байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан найм дахь жилдээ зохиож буй аж. Малчид Монгол нутгийн сор болсон таван хошуу малаа ачин ирж, нийслэлийн иргэдэд сонирхуулан, заримыг нь үнэ хаялцуулан худалддаг уламжлалтай. Хүй долоон худагт цаг агаар хэдий хүйтэн байсан ч буянт малынхаа дунд хөдөө ирсэн мэт сэтгэгдэл төрж, малын өтөг хамар цоргиж байлаа.

Энэ удаагийн дуудлага худалдаанд 18 аймгийн 33 сум, нийслэлийн зургаан дүүргийн иргэн, аж ахуйн нэгжийн мах, сүүний чиглэлийн 41 үхэр, мал сүргийн манлай, эр хүний хийморь болсон Галшар угшил тэргүүтэй 50 адуу, 282 хонь, 59 ямаа, өндөр бөхт тэмээнүүдийг авчирсан байлаа. Түүнчлэн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид мах өөхний чиглэлийн 40 гаруй гахай, 60 гаруй тахиа, галуу, бөднө, тагтаа, туулай, усан гахай, загас зэрэг гэрийн тэжээвэр амьтдаа оролцуулж буй нь сонирхолтой. Ирсэн зочдоо амтат айраг, адууны махаар дайлан, гэрийн хуушуураар үйлчилж байв. Мөн малын арьс, үс, ноосоор урласан малгай, дээл, гутал зэргийг дэлгэн тавьжээ. Тодруулбал, ишигний арьсаар урласан хүүхдийн гутал, ямааны арьсан бээлий, мотоциклийн иж бүрдэлд монгол малчдын ур шингэсэн нь харагдана.

Энд цуглагсдын олонх нь нохойны үзэсгэлэн болж буй хэсэгт анхаарлаа хандуулж байв. Гэхдээ энд нохойноос илүү “сонирхолтой” малууд байсан юм. Тухайлбал, бараг нэг тонн жинтэй сарлагийн бух, жил бүр дараалан ихэрлэдэг хонь (нийтдээ 30 удаа төллөсөн. Энэ удаад гурван ихэр гаргасан. Хонь гурав ихэрлэнэ гэдэг ховор тохиол болохыг эзэн нь бидэнд уламжилсан), Франц аргаар үржүүлсэн 600 гаруй кг жинтэй махны чиглэлийн улаанхалзан үхэр, хонь шиг харагдах хурга зэрэг нь аргагүй олноос онцгой. Үйл ажиллагааны төгсгөлд нутаг нутгийн шилмэл малаас төрөл тус бүрт аваргыг шалгаруулж, эзнийх нь хөдөлмөрийг үнэлдэг уламжлалтай аж. Үүний үр дүнд шалгарсан малыг бусад үүлдэр, угшлын малтай үржилд оруулан, илүү сайн үүлдэрийн шилмэл малыг үржүүлдэг.

Тус үзэсгэлэнгийн зохион байгуулагч Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмонтой ярилцлаа.

-Энэ удаагийн үзэсгэлэн юугаараа онцлог болж байна вэ?

-Бид тус үзэсгэлэнг жил бүр Улаанбаатар хотод зохион байгуулдаг байлаа. Энэ жилийнх анх удаа хотоос зайдуу болж буйгаараа онцлогтой. Түүнчлэн онцгой үржилтэй малууд байгаа. Тухайлбал, аварга хурга, нэг тонн жинтэй бух зэргийг нэрлэж болно. Үүнээс гадна анх удаа шувууны төрл өөс оролцож байгаа.

-Үзэсгэлэнг зохион байгуулснаар ямар үр дүнд хүрч байгаа вэ?

-Уг үзэсгэлэнгээр онцгой үржил шимтэй малыг шалгаруулж, эздийг нь урамшуулахаас гадна шалгарсан малыг Малын удмын сангийн үндэсний төвийн хяналтад авч, үржлийн бүртгэлд бүртгэн, селекцийн тодорхой чиглэлээр ашигладаг.


Г.Ариунцацрал "Өнөөдөр" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ