Эрдэнэтийн ГОК-ийн ашиггүй худалдан авалт нэг тэрбум 700 саяд хүрчээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, БОНХЯ-ны дэд сайд Б.Тулга нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Биднийг тус үйлдвэрийн Маркетингийн албаны дарга Д.Галбаатар угтан авч, үйлдвэрийнхээ тухай танилцуулсан юм. “Эрдэнэт” үйлдвэрт өнөөдрийн байдлаар 6000 орчим хүн ажилдагаас 3000 орчим буюу 50 хувь нь орос хүн байдаг. Тэдний ихэнх нь механикийн чиглэлээр ажилладаг аж.
Бид эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн технологитой танилцав. Биднийг Баяжуулах фабрикийн дарга Б.Намуунгэрэл хүлээн авч мэдээлэл өгсөн юм. Тус цехийн үндсэн ажил нь ашигтай эрдэс буюу зэс молибден ялгаж авах. Тодруулбал, ялгаж авсан эрдсээ 9,8 хүртэлх хувийн чийгшилд байлган, хуурай болгосны дараа гадагш нь экспортод гаргадаг байна. Гэвч хүдэрт байх зэсийн агуулга маш бага байдаг аж. Тодруулбал, 1000 кг шорооноос тавхан кг зэс гардаг. Өөрөөр хэлбэл, 100 кг баяжмалд 23 кг цэвэр зэс байдаг гэсэн үг. Үлдсэн 77кг нь шороо байдаг аж. Гэхдээ түүний дотор хүхэр, төмөр гэх мэт ашигтай бүтээгдэхүүн байдгийг фабрикийн дарга Б.Намуунгэрэл мэдээлж байв. Тус баяжуулах цех хүдэр нунтаглах есөн ширхэг тээрэмтэй бөгөөд тус бүр нь цагт 300 орчим тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай аж. Харин жилдээ 26 орчим сая тонн хүдэр боловсруулж, үүнээсээ 550 орчим мянган зэсийн баяжмал гаргаж авдаг байна. Энэ маягаар тус цехэд зэс болон молибдений баяжмал гаргадаг байна. “Оюутолгой”-н уурхайгаас гарч байгаа зэс алттай байдаг бол “Эрдэнэт үйлдвэрээс гарч буй зэс мөнгө болон молибдентэй байдаг юм байна.
Үүний дараа бид үйлдвэрийн барааны мэргэжилтэн Н.Ганбаатартай уулзлаа. Тэрбээр тус үйлдвэрт шахааны бизнес багагүй бий гэх мэдээллийг эрс үгүйсгэлээ. Н.Ганбаатар “Эрдэнэт” үйлдвэрт барааны задгай талбай хоёр байдаг бөгөөд 1000 мкв талбайтай зургаан ширхэг битүү агуулах байдаг. 2011 онд 299 тэрбум төгрөгийн бараа материал худалдан авсан бол өнгөрсөн онд 315 тэрбум төгрөгийн бараа авсан. Үүнээс 2011 онд худалдан авсан 299 тэрбум төгрөгийн бараа материалын 295 тэрбум төгрөгийн бараа нь тэр ондоо ашиглагдсан. Энэ мэтчилэн үйлдвэрийн нийт худалдан авалтаас алдагдал гарах нь бага. Ерөнхийдөө үйлдвэрт хийгддэг худалдан авалт өртөг өндөртэй” гэлээ. Тухайлбал, 140 тоннын белазын дугуй гэхэд 43-48 мянган доллар байдаг аж. Мөн тэрбээр хэвлэлээр бичигддэг шиг арван тэрбум төгрөгийн ашиггүй худалдан авалт, хэрэглэгддэггүй бараа материал бий гэх мэдээллийг эрс үгүйсгэсэн юм.
Мөн одоогоор тус үйлдвэрт нэг тэрбум 700 сая төгрөгийн хэрэглээнээс гарсан бараа материал байгааг ч дуулгалаа. Гэхдээ энэ нь марк нь хуучирсан, технологийн шинэчлэлээс үүдэн, хэрэглэгдэхээ больсон бараа бүтээгдэхүүн байдаг юм байна. Уг барааг одоогоор агуулахад хадгалж байгаа ч устгалд оруулж эхэлжээ. Харин захиалгын явцын талаар “Энэ онд хэрэглэх бараа бүтээгдэхүүнийг өмнөх онд нь захиалан авдаг. Ингэхдээ бүх цех, хэлтсүүд захиалгаа өгдөг бөгөөд тухайн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг хэд хэдэн ажлын хэсэг хянаж, шалгасны эцэст баталдаг. Мөн Үйлдвэр эрхэлсэн орлогч захирлаар ахлуулсан ажлын хэсэг гарч, бараа материалын худалдан авалтад хяналт тавьдаг юм. Зарим тохиолдолд хэлтсээс ирсэн бараа, бүтээгдэхүүнд хасалт хийдэг. Гэхдээ үлдэгдэл болон хүчин чадалтайгаа уялдуулж хийдэг. Үүний дараа зөвлөлийн хурлаар оруулснаар эцэслэн баталдаг. Зөвлөлийн баталснаас гадуурх худалдан авалт ямар ч тохиолдолд хийгддэггүй” хэмээн тайлбарлав. Харин бараа материалын худалдан авалт тендер зарласны дагуу явагддаг бөгөөд Материал техникийн хангамжийн хэлтэс тендерийн асуудлыг хариуцдаг байна. Ийнхүү “Эрдэнэт” үйлдэрт нэг тэрбум гаруй төгрөгийн хэрэглээнээс гарсан бараа, бүтээгдэхүүн байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ