“Петрочайна дачин Тамсаг” иргэдийг ундны усгүй болгож байна

Засгийн газрын нэрийг барьсан “Петрочайна дачин Тамсаг” компанийн хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ

Дорнод аймгийн Матад су­мыг там болгож байгаа нэгэн компани байгаа нь БНХАУ-ын 100 ху­вийн хөрөнгө оруу­лалт­тай “Петрочайна дачин Тамсаг” юм. Уг компанийг байгаль орчинд их хэмжээний хор хохирол учруулсан хэмээн нийслэлийн Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс 1.3 тэрбум төгрөг гаргуулах шийдвэр гаргаад байсан. Гэтэл уг ком­пани дээрх мөнгөө төлж барагдуулаагүй байхад нь тус аймгийн Цагдаагийн газраас дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал тус компани газрын тосны 19 дүгээр тал­байд их хэмжээний тос­той, бохирдсон шороо асгас­наас дээрх хэрэг үүсжээ.

Энэ хууль бус үйлдлийг нутгийн иргэд аймгийнхаа Цагдаагийн га­зартай хамтран өнгөрсөн наймдугаар сарын эхээр илрүүлж, Цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгалт явуулжээ. Гэтэл энэ талаар зарим нэг албаны хүмүүс их л хайнгадуухан хариулт өгсөн байх юм. Тухайлбал, албаны эх сурвалж хэлэхдээ “Орчин үеийн технологиор тус ком­пани илүүдлээ хадгалдаг. Хүмүүс энгийн байдлаар ха­раад буруу ойлгоод бай­даг” гэж их л өмөөрсөн янзтай хариулт өгсөн байв. Одоогоор дээрх хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд байгаль орчны үнэлгээг ч хийж байгаа аж. Өөрөөр хэл­бэл байгаль орчны үнэл­гээ гарсны дараа эл асуудал шүүхийн шатанд очиж шийдэгдэнэ гэсэн үг юм.

Тэгэхээр тус компани өмнөх 1.3 тэрбум төгрөгөө төлөөгүй байхад одоо босч буй энэ хэрэг шийдэгдэх нь юу л бол гэх айдас тус нутгийн иргэдийн сэтгэлийг зовоож байгаа юм билээ. “Петрочайна дачин Тамсаг” гэх компани Монголын хуулийг удаа дараа уландаа гишгэж байгаль орчинд хор хохирол учруулж байна. Түүгээр ч зогсохгүй тэнд амьдардаг өч төчнөөн олон хүний амь амьдралаар тоглож байгаа юм. Энэ тухай өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн энэ талаарх гомдол мэдээллийг Засгийн газарт хангалттай хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тус компанид ямар нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас тэд дураараа аашилсаар иргэдийн аюулгүй амьдрах эрхийг зөрчиж нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчин, малын бэлчээрийг устгаж, ундны усгүй болгож байгаа нь үнэхээр том эмгэнэл юм.

Мэнэнгийн талыг там бол­гож байгаа эл компани шүүх хурлыг 10 удаа хойш­­луулж шүүх бай­гууллагыг эрхэндээ оруулах гэж ихэд хичээсэн. Гэвч Монголын шүүх тэдний өмнө бөхийхгүй гэдгээ өмнөх шатны хурал­даанаараа харуулж чадсан.Тиймээс тус нутгийн иргэд одоо гарч буй хэргийг Засгийн газар яаралтай анхааралдаа авна хэмээн их л урам зоригтой байх юм билээ. Товчхондоо тус компанийн өмнөөс өмгөөлөл хийж буй нөхөд дээрх болж буй үйл явдалд ямар тайлбар өгөхийг олон хүн сонирхож байгаа нь лавтай. Шуудхан хэлэхэд Монголын хуу­лийг уландаа гишгэлж байгаа “Петро­чайна дачин Тамсаг” компанид ха­риуцлага тооцох зоригтон байна уу.

Р.Саруул

Эх сурвалж: Өглөөний сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ