Луу жилийн “луу шиг” эрхмүүд, шийдвэрүүд…

Луу бол хүч чадал, амжилтыг илэрхийлдэг бэлгэдэлтэй. Амьдралын зорилгоо тодорхойлсон түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тэвчээртэй тэмүүлдэг хүмүүсийн шинж чанарыг төлөөлөх бэлгэдэл ч болдог. Тэр утгаараа тэсвэр тэвчээрт бас хүч чадал оршдог гэж бид үздэг. Монголчуудын тэвчээрийг олон жил сорьсон ч “Модон” Луу жилд амжилт олсон түүхэн гэмээр шийдвэр, шийдлүүд юу байв. Аль салбарт хэн хэн тэсвэр хатуужил, тэвчээр, ухаан зарж, түүнийхээ үнэ цэнээр “Модон” Луу жилд бусдыгаа манлайлав гэдгийг онцолж, нэрлэж байна.
Луу жилийн хамгийн тэвчээртэй, хөдөлмөрч эрдэмтэн судлаачаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Инновац, хамтын ажиллагааны салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор/PhD/ Насан-Очирын Эрдэнэ-Очир
ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн сүүлийн 20 жилийн археологийн уйгагүй судалгаа, судлаачдын итгэл зүтгэлийн үр дүнд 2012 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Ноён уулын дурсгалын хамгаалалтын бүсийг байгуулж, 2014 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн урьдчилсан жагсаалтад бүртгүүлж, 2020 онд Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Ноён уулыг Дархан цаазат газар, 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгат уул болгожээ. 2005-2025 онд олон улсын хамтарсан судалгааны баг эрдэм шинжилгээний 5 төслийг амжилттай хэрэгжүүлж, олон арван ном бүтээл, өгүүлэл, илтгэл, үзэсгэлэн, хурлыг зохион байгуулсан. Энэхүү төслүүд эрдэмтэн, судлаачдаас олон жилийн тэвчээр, хөдөлмөр шаардсан бөгөөд “Модон” Луу жилд бодит үр дүнд хүрсэн байна. Цаг хугацаа шаардсан энэхүү ажлыг Доктор Н.Эрдэнэ-Очир удирдаж, манлайлан ажилласан юм.
Луу жилд хамгийн их тэвчээр гаргаж, ухаан зарсан улстөрч АН-ын дарга, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лувсаннямын Гантөмөр
Лу.Гантөмөр нь Таван намаас бүрдсэн АН-ын дотоод эв нэгдлийг хангаж, тэвчээртэй, хүлээцтэй, ухаалаг байдлаараа журмын нөхдөө үлгэрлэж яваа “үг даадаг” улстөрч. АН-ыг удирдан, сонгуульд оролцож, олон нийтийн шүүмжлэл, дарамтыг үл тоон, парламент дахь намынхаа суудлын тоог ахиулсан.
Мөн эрх барилгүй удсан АН-ыг дахин “тоглоомын талбарын” гол тоглогч болгож, намынхаа мөрийн хөтөлбөрийг хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд түлхүү оруулж чадсан.
Түүнчлэн олон жил шийдэгдэлгүй гацаад байсан улс орны хөгжлийн мега төслүүдийг хөдөлгөхөд “гал барьж”, улс төрийн тэсвэр тэвчээр, ухаан, манлайлал үзүүлснээрээ “Модон” Луу жилийн хамгийн тэвчээртэй, хүлээцтэй улстөрчөөр нэрлэгдэж байна.
Луу жилд тэвчээрээ нотолж, хамгийн их хүч сорьсон барилдаануудыг үзүүлсэн бөх Монгол Улсын заан Б.БАТ-ӨЛЗИЙ
Монгол Улсын заан Б.Бат-Өлзий “Модон” Луу жилд таван удаа түрүүлж, хоёр удаа үзүүр булаалдсан. Тэрбээр барилдааныхаа цагийг дуусгадаг, барьц мэхэндээ даацтай, тогтвортой, тэвчээртэй барилддаг чанараараа олон түмэнд хүндлэгддэг.
Б.Бат-Өлзий зааныг “Модон” Луу жилд өнгөрсөн жилүүдийнх шигээ эртэй бяртай, даацтай барилдаж чадахгүй байх хэмээн бөх сонирхогчид үзэж байсан ч тэрбээр олны хүлээлтийг эвдэж, амжилтаа бататган, тогтвортой барилдаан үзүүлж чадлаа.
Луу жилийн хамгийн тэвчээртэй, хатан ухаант бизнесмен Н.МӨНХНАСАН
УИХ-ын гишүүн асан, “Монполимент групп”-ын үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын охин гэдгээрээ олонд танигдсан Н.Мөнхнасангийн хувьд “Модон” Луу жил амаргүй байсан нь тодорхой.
Дарамт, шахалтууд их байсан ч тэрбээр ээжийгээ охины ёсоор асарч, бат ар тал нь болж, үр хүүхдийнхээ өмнө хариуцлагаа мэдэрч, амаргүй цаг үед бизнесээ ч унагачихалгүй авч явж, тэсвэр тэвчээр, хатан ухаанаар “Модон” Луу жилийг “өнгөлж” чадлаа.
ЛУУ ЖИЛИЙН ХАМГИЙН ТЭВЧЭЭР ШААРДСАН ШИЙДВЭРҮҮД
- Монгол, Францын хамтарсан ураны төсөл: Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг С.А.С” компанитай "Хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулж, ураны төслийг албан ёсоор хөдөлгөлөө. Энэхүү гэрээ бол гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой гэрээ бөгөөд олон сорилтуудыг давж, олон жилийн хүлээлтийг эвдэж, тэвчээр шаардсан шийдвэр болсон юм.
- Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл: Луу жилд Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 зөвлөмж, Улсын Их Хурлын 6 тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст “Модон” Луу жилд эцэслэн шийдвэрлэгдлээ. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй 2 дахь холболтын төмөр зам болж байна. Энэхүү төмөр замыг орчин үеийн шинэлэг шийдэл, шинэ технологиор барьж, байгуулах бөгөөд төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Б.БАТ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ