Баяр, амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяртай холбоотойгоор өнөөдөр /2025.02.27/ мэдээлэл хийлээ.
Цагдаагийн дэд хурандаа Г.Гүррагчаа:
-Сар шинийн амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллага 2025 оны хоёрдугаар сарын 28-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана. Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллах бэлтгэл ажлыг бүрэн хангасан.
Тодруулбал, сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны хамгаалалт, Гандантэгчэнлин хийдийн ойр орчмын эргүүл, хяналтыг зохион байгуулах, шинийн 2-ны өглөөний нар харахтай холбоотойгоор өндөрлөг цэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төлөвлөгөө гарган, бэлтгэл ажлыг хангасан байна. Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр эхэлсэн үүнтэй зэрэгцээд цагдаагийн байгууллага мөн ажиллаад эхэлсэн гэдгийг та бүхэнд хэлье.
Улсын хэмжээнд 130 орчим хийд шинийн 15-ны өдрийг дуустал ном хурна. Мөн шинийн 2-ны өглөө нар харах нийт 250 орчим өндөрлөг цэг бий. Энэ бүгдэд хүрч ажиллахаар бэлтгэлээ хангасан байна. Түүнчлэн улсын хэмжээнд авто эргүүлийн чиглэлээр 140 чиглэлд 780 албан хаагч ажиллахаас Улаанбаатар хотод 100 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Ингэхдээ үндсэн хуваарьт томилгоотой алба хаагчдаас гадна 5416 алба хаагч нэмэлтээр ажиллаж, иргэд олон нийтийн аюулгүй байдлын хангана.
ТЦА-ны УСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюун:
-Цагдаагийн байгууллагаас энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс гуравдугаар сарын 05-ны өдрийн хооронд нийслэл хотод-1230, орон нутагт-803 нийт 2033 алба хаагч гудамж замд хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж ажиллана.
Улсын дугаарын арын оронг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах талаарх Нийслэлийн Засаг даргын А/248 дугаар захирамжийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
Өөрөөр хэлбэл баяр амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийслэл хотын бүсэд золголтоор зорчихдоо гэр хорооллын гудамж болон хотхон хорооллын дотор тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцогчид болон шуурхай албаны автомашинд саад болохгүй байдлаар байрлуулах, Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймаг орон нутагт зорчих бол бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аль болох авч явахгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, та бүхэн бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ