Гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсон бол 12 сарын тэтгэмж авах хууль 2028 он хүртэл үргэлжилнэ
1992 онд анх Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг батлахдаа гишүүний эрх зүйн байдал, гишүүний нийгмийн баталгаатай холбоотой заалтуудыг тусгаж байжээ. Ингэхдээ дахин сонгогдоогүй, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн бол өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тавих, боломжгүй тохиолдолд өмнөх ажилтай дүйцэхүйц албан тушаалд тавина гэдэг заалт 1997 он хүртэл үйлчилж байсан юм.
- 1997 онд УИХ-ын тухай хоёр дахь хууль батлагдсан бөгөөд ингэхдээ дээрх заалт бага зэрэг өөрчлөгдөж дахин сонгогдоогүй бол өмнөх ажиллаж байсан албан тушаалд томилох, боломжгүй тохиолдолд 6 хүртэлх сарын нэг удаагийн тэтгэмж олгох гэж батлагдсан.
- 2006 он хүртэл хэрэгжиж байгаад гишүүн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн, дахин сонгогдоогүй бол нэг удаад 12 сар хүртэлх тэтгэмж олгоно гэж өөрчилжээ.
- 2020 онд энэ заалтыг мөн хэвээр үргэлжүүлж, тэтгэмжийг олгож ирсэн байна.
- 2024 оны тавдугаар сард дээрх заалтуудыг дахин бага зэрэг өөрчилж дараах байдлаар буюу,
Монгол Улсын Их хурлын тухай хууль:
Долдугаар бүлэг гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн баталгаа, төсв, хавсранн гүйцэтгэж болох ажил, албан тушаал, үйл ажиллагаанд нь хориглох зүйл
41 дүгээр зүйл.Гишүүний бүрэн эрхийн баталгаа
41.9.Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно гэж заажээ.
Уг заалтыг Монгол Улсын Их хурлын тухай, Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай, Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг тухайн үеийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар санаачлан боловсруулж 2024 оны дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн байна.
Одоогийн байдлаар өмнөх УИХ-ын 76 гишүүний 30 гаруй нь дээрх тэтгэмжийг авах хүсэлт гаргасан бөгөөд зарим нь сайн дураар татгалзжээ.
Энэхүү хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа 2028 онд дуусгавар болох бөгөөд одоогийн УИХ-ын 126 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгогдож чадаагүй тохиолдолд нэг гишүүн ойролцоогоор 48 сая төгрөг буюу нийт 6 тэрбум 48 саяын тэтгэмж авах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ